Дугуй түгжих журмыг хууль бус гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2015-09-28 13:44:46

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс "Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам"-ыг хууль бус болохыг тогтоосон хэмээн  ШӨХТГ-аас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэв.

ШӨХТГ нь  дугуй түгжихтэй холбоотой асуудлаар иргэдээс ирсэн гомдлын мөрөөр "Шударга төрийн төлөө", "Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо" зэрэг ТББ-тай хамтран тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх болон  дугуй түгжсэний улмаас хохирсон иргэдийг өмгөөлөх, хохирлыг нөхөн барагдуулах ажлыг зохион байгуулсан билээ.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр 2015 оны  2 дугаар сарын 28-ны бадлаар 11746 тээврийн хэрэгслийн дугуйг түгжиж нийт 234,9 сая төгрөгийн орлогыг хууль бусаар хураан авч, иргэдэд онц хэмжээний хохирол учруулсан болохыг ШӨХТГ-ын улсын байцаагчийн  дүгнэлтээр тогтоожээ. Тус газрын байцаагчийн энэхүү дүгнэлтийг үндэслэн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 98 дугаар тогтоолоор баталсан "Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам"-ыг хүчин төгөлдөр бус захиргааны актад тооцуулах нэхэмжлэл гаргасан юм. Уг нэхэмжлэлийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд НИТХ-ын 98 дугаар тогтоолоор баталсан "Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам"-ыг хууль бус гэсэн шийдвэр гаргасан байна.

 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд