УГТЭ нэг цэгийн үйлчилгээ болон сувилахуйн хөгжлийн төвийг ашиглалтад орууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-11-05 16:42:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Гуравдугаар төв эмнэлэг үйлчлүүлэгчдэдээ зориулан шинээр Нэг цэгийн үйлчилгээ, үйлчлүүлэгчтэй харилцах төв болон Сувилахуйн мэргэжилтний хөгжлийн төвийг нэгэн зэрэг ашиглалтад орууллаа.  


Нэг цэгийн үйлчилгээг ашиглалтад оруулснаар эрүүл мэндийн даатгалтай холбоотой лавлагаа авах, хэвтэн эмчлүүлэх өвчний түүхээ нээлгэх, MRI, CT, компьютер, томографийн бүх төрлийн шинжилгээний хариугаа цаг алдалгүй, чирэгдэлгүй нэгдсэн цэгээс авах боломж бүрдэж байна. Мөн тус эмнэлэгтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагуудын бичиг хэргийг хүлээн авч, шуурхай хариу өгөх цогц үйлчилгээг үзүүлэх юм.


Нээлтэд Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа хэлэхдээ, "2021 оноос эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг хоёр дахин нэмж, салбарын шинэчлэлийг хоёр үе шаттай зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу "Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл" ажлыг улсын хэмжээнд бүх эмнэлэгт хэрэгжүүлж байгаа. Уг ажлын хүрээнд Улсын Гуравдугаар төв эмнэлэг Үйлчлүүлэгчтэй харилцах төв болон Сувилахуйн мэргэжилтний хөгжлийн төвийг өөрсдийн дотоод эх үүсвэрээр шийдэж ашиглалтад оруулаад байна. Мөн тус эмнэлэг эмч, сувилагч нарт ажлын үр дүнгээс хамран урамшууллыг олгож байна” гэв.


УГТЭ-ийн ерөнхий захирал Ц.Төмөр-Очир, “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, иргэддээ төвөг, чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор манай эмнэлэг олон ажлыг хийж хэрэгжүүлж байна. Үүний нэг нь үйлчлүүлэгч рүүгээ чиглэсэн нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүллээ. Бид үйлчилгээний чанараа сайжруулахын тулд мэргэжлийн байгууллагуудаас ёс зүй, зан харилцааны сургалтуудыг үйлчилгээний ажилтнууддаа явуулсан. Түүнчлэн үйлчлүүлэгчтэй харилцах төв гэсэн нэгжийг шинээр байгуулж байна. Энэ нь үйлчлүүлэгч тус эмнэлэгт төөрөхгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахад нь чиглүүлэх, эмнэлгийн шаардлагатай асуудлыг шуурхай шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. Мөн сувилахуйн мэргэжилтний хөгжлийн төвийг зэрэг нээж буйгаараа онцлог юм” гэлээ. 

 

 

 

 

Холбоотой мэдээ