БНАСАУ хил орчимд мина тавьж, Европ тусгаарлалтад дурамжхан байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-04 09:28:29

ЛОНДОН. /BBC/. Дэлхий дахинд коронавирусээр халдварласан хүний тоо 47.8 сая давж, 1.2 сая гаруй хүн нас баржээ. Европын болон бусад бүс нутгийн оршин суугчид шинээр авах тусгаарлалтын арга хэмжээ, үүнтэй холбоотой эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах найдвар улам бүр багасаж байна.


Олон улс оронд голдуу Европын орнуудад иргэдийн дургүйцэл эсэргүүцлийн жагсаал болон дэгдэж, Испани, Итали, Чех, Германд жагсагчид цагдаа нарын хооронд ширүүн мөргөлдөөн үүсжээ.


Герман улс хөл хорионы арга хэмжээгээ чангатгасан хэвээр байгаа бөгөөд сарын эцэс хүртэл үргэлжлэх тусгаарлалтын арга хэмжээг хүндэтгэхийг тус улсын канцлер Ангела Меркель иргэддээ уриалжээ. Түүнчлэн тэрбээр оршин суугчид шинэ жилийн баярыг өргөн хүрээтэй тэмдэглэхээс зайлсхийх хэрэгтэйг мэдэгдэхийн сацуу Зул сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ гэж найдаж буйгаа илэрхийлжээ.


Шөнийн цэнгээний газрууд, кафе, зоогийн газрууд, кинотеатр болон бусад театрууд хаалттай байгаа хэдий ч оршин суугчдыг гудамжинд гарахыг хориглоогүй байна.


Тусгаарлалтын арга хэмжээ авахаа Европын орнуудаас хамгийн түрүүнд зарласан Италийн Ерөнхий сайд Жузеппе Контегийн хүн амыг бүхэлд нь тусгаарлалтад хамруулах шаардлага нь энэ удаад эсэргүүцэлтэй тулгарч, оронд нь халдварт өвчинд хамгийн их өртсөн бүс нутгуудад оновчтой байдлаар тусгаарлалтын арга хэмжээ авахыг санал болгожээ.


Хоёр дахь хязгаарлалтын арга хэмжээг авах шийдвэр гаргасан Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон хөл хорионы дэглэм нь улс орны эдийн засгийг туйлдуулна гэх шүүмжлэлийг няцаахаас өөр аргагүйд хүрээд байна. Харин эмч, эрүүл мэндийн салбарын шинжээчид зэрэг хорио цээрийн дэглэмийг дэмжигчид шүүмжлэлийг үгүйсгэж, шинээр хязгаарлалтын арга хэмжээ авахгүй бол коронавирусээр халдварласны улмаас нас барсан тохиолдлуудын тоо оны эхэнд гарсан үзүүлэлтээс хамаагүй их байх болно гэж мэдэгджээ.


Коронавирусээр халдварласан хүмүүсийн дунд сонголт хийж, амьд үлдэх магадлал өндөртэй өвчтөнүүдийг хүлээн авахаас өөр аргагүйд хүрч болзошгүй хямралын нөхцөл байдал ойртон ирж буйг Женев хотын эмнэлгүүд анхааруулжээ.


Грекийн эрх баригчид хоёр дахь том хот Салоникид хоёр долоо хоногийн тусгаарлалтын арга хэмжээ авахаа мэдэгджээ. Тус хотод үйлддэг нислэгийг бүрэн зогсоожээ.


Бүх оршин суугчийг коронавирусний шинжилгээнд хамруулах амаргүй даалгаврыг өөртөө өгсөн Словакт оршин суугчдынх нь гуравны хоёр нь шинжилгээнд хамрагдсанаас 1 орчим хувьд нь эерэг хариу гарчээ.


Францад иргэд тусгаарлалтын арга хэмжээг зөрчиж байгаа учир Парис хотод болон ойр орчмын бүсэд шөнийн цагаар хөл хорионы цаг тогтоох асуудлыг хэлэлцэж байгаа аж. 


Парис хотод 30 секунд тутамд нэг хүн коронавирусээр халдварлаж байгаа бол эмнэлэг 15 минут тутамд шинэ өвчтөн хүлээж авч байна хэмээн Францын Эрүүл мэндийн сайд Оливье Вераны мэдэгджээ. Шинээр хязгаарлалтын арга хэмжээ авах эцсийн шийдвэрийг тус улсын Ерөнхийлөгч Э.Макроны сайд нарын танхимын гишүүдтэй хийх зөвлөгөөний үеэр гаргах аж. Мягмар гарагт тус улсад халдварын улмаас нас барсан хүний тоо өдөрт 854-өөр нэмэгдсэн нь 4 дүгээр сарын 15-наас хойших нас баралтын хамгийн огцом өсөлт болжээ.


Цар тахал дэгдэж эхлэх үеэс л хязгаарлалтаас татгалзсан Шведэд мягмар гарагт халдварын 10177 шинэ тохиолдол бүртгэгдэж, 31 хүн халдварын улмаас нас баржээ. “Манай улсад нөхцөл байдал хүнд байна. Эрчимт эмчилгээний тасгуудын дийлэнх нь коронавирусээр халдварласан өвчтөнүүдэд зориулагдаж байна” гэж Шведийн Ерөнхий сайд Стефан Левен хэлэв. Түүнчлэн тэрбээр гурван бүс нутагт илүү хатуу арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.


Сүүлийн долоо хоногуудад Шведэд илэрсэн тохиолдлын тоо хаврын оргил үедээ хүрсэн үзүүлэлтийг давжээ. Нас баралтын түвшин тус улсад Скандинавын бусад оронтой харьцуулахад хэд дахин өндөр байгаа хэдий ч Европын орнуудтай харьцуулахад харьцангуй бага байгаа юм. 


Улс оронд нь коронавирусээр нэг ч хүн халдварлаагүй хэмээн мэдэгдээд буй БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун халдварт өвчнөөс хамгаалахын тулд шуурхай арга хэмжээ авч буй тухай БНСУ-ын тагнуулын алба мэдэгджээ. Хятадаас халдварласан байж болзошгүй тохиолдлуудыг улс орондоо нэвтрүүлэхгүйн тулд БНАСАУ тусгай хамгаалалтгүй байсан хил дээр мина суурилуулжээ.  


Харин БНСУ-д үйл ажиллагаагаа явуулдаг христийн шашны байгууллагуудын төлөөлөгчдийн мэдэгдсэнээр, БНАСАУ халдвар авсан өвчтөнүүдээ Хятадтай залгаа хилийн дагуу баригдсан тусгаарлалтын нууц хуаран руу илгээж байна гэжээ. Өвчтөнүүдэд шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байгаагаас гадна хүмүүс өлсгөлөнгийн улмаас нас барж байна хэмээн мөн мэдэгдсэн байна.

Зарим тохиолдолд коронавирусний шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг гэрт нь түгжиж байгаа бөгөөд хоол хүнсийг нь дөхүүлж өгөх ойрын найз нөхөд, хамаатан садан байхгүй бол тэд ч мөн өлсгөлөнд нэрвэгдэнэ хэмээн мөн мэдэгджээ. 



Холбоотой мэдээ