ФЛОМ байгууллага орон нутагт төслөө үргэлжлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-11-04 08:32:58

Архангай /МОНЦАМЭ/. Финландын хилийн чанад дахь байгууллага /ФЛОМ/-ын Архангай дахь салбарын “Хөгжилд хөтөлсөн 17 жил” хаалтын үйл ажиллагаа энэ сарын 9-нд болно. 2003 оноос одоог хүртэл 17 жил тасралтгүйгээр, нийт 3.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг Архангай аймгийн 19 сумын хэмжээнд хэрэгжүүлжээ.

ФЛОМ байгууллагаас аймгийн орлого багатай эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, ноосны болон ХБИ-ийн төсөл,  өрх толгойлсон иргэдийг дэмжих гэсэн төсөл хөтөлбөрүүдийг Финландын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлсэн байна. 

Аймаг орон нутгийн зорилтот иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлж, ажлын байр бий болгох, мэргэжлийн чиг баримжаа олгох, боловсролыг дээшлүүлэх, нийгэмд эерэг хандлагыг түгээн, ТББ-аар дамжуулан тэдний дуу хоолойг төр засагт хүргэх, эрх ашгийг ханган ажиллахад анхааран ажиллажээ. Томоохон ажлуудаас дурдвал,

1. Улсын хэмжээнд ХБИ-ийн анхдагч төвийг байгуулж, ХБИ-ийн холбоодын зөвлөлийн үйл ажиллагаа явуулах 2 давхар бүхий 360 м2 барилгыг хүлээлгэн өгсөн юм. Төрөөс тогтвортой байдлыг хангахын тулд үйл ажиллагааны зардал болох 23 сая төгрөгийг шийдвэрлэсэн нь цаашдын хамтын ажиллагаанд таатай нөхцөлийг бүрдүүлсэн байна.

2. Аймаг, сумдын ЗДТГ-тай ФЛОМ байгууллага хамтран ажиллах санамж бичиг байгуулан, төр болон ОУБ-ын үүрэг чиглэлийг тодорхой болгож, түншлэл хамтын ажиллагааг өргөжүүлжээ. Зорилтот өрхөд гарсан чанарын бодит өөрчлөлтийг цаашид хэвээр хадгалах, сум орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлж, тогтвортой байдлыг хангах тал дээр шийдэлд хүрсэн байна.

3. Аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөл, Эмэгтэйчүүдийн зөвлөл нь орон нутгийн бодлогын хэмжээнд хамтран ажиллаж, төр иргэний нийгмийн байгууллагуудын холбоог бэхжүүлж  тогтвортой ажиллаж эхэлжээ.

Хэдийгээр Архангай ФЛОМ салбар хаагдаж байгаа хэдий ч цаашид “Тэгш Тусгал” орон нутгийн  ТББ нэртэйгээр  ФЛОМ-ын туршлага болон түүхийг уламжлан үйл ажиллагаагаа явуулж, төсөл хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болсон байна.

Холбоотой мэдээ