Т.Мөнхсайхан: Вакцин гарвал худалдан авах 50 сая ам.долларын санхүүжилтийг шийдэж байгаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-03 16:04:35
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. COVID-19 цар тахлын хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий Түр хорооны хуралдаан өнөөдөр боллоо.


УИХ-д байгуулсан тус хороо нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэгтэй юм.


Түр хороог УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр ахалж, гишүүдэд Байнгын хороодын дарга нар, мөн УИХ дахь цөөнхийн бүлгийг төлөөлөн Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Бейсен, “Та бидний эвсэл”-ийг төлөөлөн С.Ганбаатар, “Зөв хүн электорат” эвслийг төлөөлөн Т.Доржханд, бие даагч Н.Алтанхуяг нар багтсан байна.


Хуралдаанаар цар тахлын хуулийн биелэлт болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх Шадар сайд Я.Содбаатарын мэдээллийг сонслоо.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахлын хоёрдугаар давалгаа гарсныг анхааруулж буйтай холбогдуулан УОК халдварыг дотооддоо алдахгүй байх, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг Шадар сайд Я.Содбаатар онцлов.



Цар тахал энэ сарын 2-ны байдлаар, дэлхийн 216 улс, газар нутгийг хамарч нийт 46 сая 860 мянгаас дээш хүнд халдварлаж, 1 сая 200 мянга гаруй хүн нас барж, 33 сая 700 мянга гаруй хүн эдгэрчээ. Цар тахлын улмаас 54 улс дотоодын хөдөлгөөнөө хязгаарласан, 95 улс олон нийтийн үйлчилгээний газар, цуглаан, сургуулийг хаасан, 91 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хаасан. Хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт нь хамгийн үр дүнтэй байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онцолсон гэдгийг мэдээлэлдээ дурдлаа. Тэрбээр, "Сүүлийн үед халдварын шинж тэмдэггүй хүн халдвар тараах тохиолдол нэмэгдэж, хүнээс хүнд халдварлахаас гадна хүнээс амьтанд, улмаар амьтнаас амьтанд халдварлаж буй нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна" гэлээ.


Монгол Улс дахь халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ, улс орнуудаас зөөвөрлөгдсөн 349 тохиолдлыг илрүүлэн оношилж, 313 /90 хувь/ хүн эдгэрсэн, 36 хүн эмчлүүлж буй талаар онцоллоо. Эмчлүүлж буй хүмүүсээс 8-ынх нь биеийн байдал хүндэвтэр байна. Мөн гадаад орноос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авчрах ажлыг тасралтгүй зохион байгуулснаар хүндэтгэн үзэх 5 шалгуурт /жирэмсэн, өндөр настай, хүүхэдтэй, өвчтэй/ тэнцэх болон нэн хүнд нөхцөлд байгаа нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо өмнөх саруудтай харьцуулахад эрс багассан хэмээв.


Түүнчлэн, халдвараас урьдчилан сэргийлэхэд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас өгсөн хандив, тусламж, түүний зарцуулалтын талаар танилцууллаа.



Шадар сайдын мэдээлэлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, үг хэллээ.  УИХ-ын  гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хэдий хэмжээний хөрөнгийг төсвийн захирагч нарын хооронд шилжүүлж, төсвийн зориулалтаас нь өөрөөр буюу халдвартай тэмцэхэд зориулж зарцуулсан талаар, мөн халдвартай тэмцэх ажлын хүрээнд Төрийн албаны тухай хуулийн шаардлага хангаагүй хүмүүсийг томилж буй талаар тодруулж, гадаад орнуудаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийн мэдээлэл ил тод болсон нь төдийлөн ойлгомжтой биш байгаа талаар хэллээ. Дээрх асуултад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, халдвартай тэмцэхэд зориулж 12 төрлийн багц арга хэмжээг авч хэрэгжүүлснээс төсөвт тусаж буй ачаалал нь 2.4 их наяд төгрөг байна гээд төсөв захирагч нарын хоорондын зохицуулалтаар хүүхдийн мөнгөнд шилжүүлэг хийх зайлшгүй шаардлага үүссэн талаар хариуллаа. Мөн Ажлын багаас Засгийн газрын хийж буй төрийн жинхэнэ албан тушаалын томилгоо хууль зөрчөөгүй гэсэн тайлбар өглөө.


УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, дэлхийд 21 хоногийн тусгаарлалттай улс орон байхгүй байгааг дурдаад, энэ хугацааг хэрхэн тооцож гаргасан талаар, мөн хандив, тусламжаас даргалах бүрэлдэхүүн бие биенээ урамшуулж байгааг тодруулахын зэрэгцээ хандив, тусламжийг зарцуулсан талаар сонирхлоо. Түүнчлэн халдвараас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийн биелэлтийн талаар асууж, иргэд амны хаалт хэрэглэх ёстой юу, үгүй юу гэдгийг нэг мөр ойлгомжтой болгох талаар санал хэлэв. Шадар сайд Я.Содбаатар гишүүний асуултад хариулахдаа, УОК-т цугласан хөрөнгийг зарцуулсан нь ил тод нээлттэй болсон талаар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан  дэлхийн улс орнуудад 14 хоногоос дээш хугацаанд халдвар илэрч буй учир тусгаарлах хугацааг 21 хоног болгон мөрдөж байгаа тухай тоо баримтыг танилцуулав. Тэрбээр мөн 21 хоногийн тусгаарлах хугацаа нь дотооддоо халдвар алдахгүй байх нэг нөхцөл болно гэлээ.



УИХ-ын гишүүн, Байгаль орчин,  хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун халдварыг дотооддоо алдаагүй гэдэгт итгэдэггүй хүний нэг гэсэн байр сууриа илэрхийлээд, өнгөрсөн өвөл манай улсад маш хүнд ханиад дэгдсэн гэдгийг тодотгов. Тэрбээр, "Ханиадны шинж тэмдэг коронавируст халдварын шинж тэмдэгтэй адилхан байсан. Халдвартай нь тогтоогдож, эмчлүүлсэн Франц иргэн манай улсад ирээд олон хүнтэй уулзсан, гэтэл халдвар тархаагүй. Монгол хүмүүст ханиадны дархлаа байгаа юм биш биз" гээд танин мэдэхүйн талаас хариулт хүсэв.


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, "Монгол Улс халдварыг дотооддоо алдаагүй гэдэг нь тогтоогдсон. Өнгөрсөн оны 12, 1 дүгээр сард дэгдсэн ханиадаар өвчилсөн хүмүүсийн дунд дараа нь эсрэг биет тодорхойлох шинжилгээ хийж тандах судалгаа явуулахад эсрэг бие үүсээгүй гэсэн хариу гарсан. Коронавирусийг ямар нэгэн байдлаар ханиад гэж авч үзэж болохгүй, амиа алдах эрсдэл өндөртэй, аюултай халдвар. Франц иргэнээс халдвар дамжаагүй нь халдвар хамгааллын дэглэм сайн сахисантай холбоотой гэж ойлгож байгаа" хэмээн хариулав.


УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын орлогыг хамгаалах чиглэлээр ажлын байр хадгалах, жижиг аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлогын арга хэмжээ болон хил, гаалийн өнөөдрийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.


Дээрх асуултад Шадар сайд Я.Содбаатар аль болох бизнес эрхлэгчдээ, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж буй талаар мэдээлэл өгөөд, зарим улстай залгаа хилээ хаасан гэж хариулав. Тухайлбал, сүүлийн өдрүүдэд улс хоорондын тээврийн жолооч нараас өдөртөө 1-2 халдвар илэрч байгаа учир эрсдэл өндөр хил, гаалийг хаасан талаар танилцуулсан бол Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт жижиг аж ахуйн нэгжүүдийг дэмжих үүднээс татварын алданги, торгуулиас нэг удаа чөлөөлөх зэрэг бодлогын арга хэмжээг авч ажиллаж буй талаар мэдээлэл өглөө.


УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Бейсен, ханиад томуу дэгдэх нь ихсэх цаг үе ирж буй учир илүү сайн ажиллах шаардлагатай, хүн ам олноор цугларсан газарт зай барихгүй, халдвар хамгааллын дэглэм сахихгүй байгаад анхаарах ёстой гэсэн санал хэлэв. Тэрбээр мөн халдвар хамгааллын хувцас, ариутгалын бодисын хүрэлцээ хангамж, халдвартай хүмүүстэй шууд харьцаж байгаа төрийн албан хаагчдад олгох хүнд, хортой нөхцөлийн хөлс, урамшуулал, вакцин гарсан тохиолдолд худалдаж авах гэрээ хэлцэл хийж буй эсэхийг тодрууллаа.


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, халдвар хамгааллын нэг удаагийн хувцас хэрэглэл, ариутгалын бодисын нөөц хангалттай байгаа гээд хил, гааль дээр ажиллаж буй нийт албан хаагчдад илүү цагийн хөлс, урамшууллыг олгох ёстой хэмжээгээр нь олгож байна, голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдад таван сая төгрөгийн урамшуулал олгосон, өнөөдрийн байдлаар ДЭМБ-аас зөвшөөрөл авсан, үйлдвэрлэсэн вакцин байхгүй учир худалдан авах гэрээ хэлцэл хийгдээгүй гэж хариулсан. Харин Шадар сайд Я.Содбаатар, хүнд, хортой нөхцөлд голомтод ажиллаж, өвчтэй хүнтэй шууд харьцаж байгаа албан хаагчдад цалин нэмэгдүүлэх, илүү цагийн хөлс, урамшуулал олгох, орон сууцанд хамруулах зэрэг бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа талаар хариулав.  



УИХ-ын гишүүн,  “Зөв хүн электорат” эвслийн төлөөлөл Т.Доржханд, халдварыг дотооддоо алдсан тохиолдолд ажиллах нөөц төлөвлөгөө байгаа эсэхийг болон вакцин гарчихвал худалдан авах эх үүсвэр, хөрөнгийн талаар тодруулав.


Шадар сайд Я.Содбаатар дээрх асуултад хариулахдаа нөөц төлөвлөгөө байгаа гэдгийг тодотгов. Тэрбээр, "Халдвартай тэмцэх стратеги төлөвлөгөөг баталсан. Манай улсыг нөхцөл байдлаа зөв үнэлж, төлөвлөж буй талаар олон улсын хурал цуглаануудад тэргүүн туршлага болгон ярьж байна. Халдварыг дотооддоо алдвал хэчнээн ор дэлгэх, хэчнээн эмч, ажилтан ажиллах, аль бүс нутагт гарвал хэрхэн ажиллах гээд бэлэн байдлыг хангасан. Хүн амын нэг хувьд тархвал хэрхэн ажиллах стратеги төлөвлөгөө ч баталж, практик дээр шалгасан" гэж хариулав. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, вакцин гарвал худалдан авахад зориулж 50 сая ам.долларын санхүүжилт Сангийн яаман дээр яригдаад, шийдэгдэж буй учир вакцин гарлаа гэхэд богино хугацаанд авч, иргэдээ хамруулах төлөвлөгөө гарсан талаар,  Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, вакцин худалдаж авах орнуудын дөрөвдүгээрт манай улс ДЭМБ-д хүсэлтээ өгсөн учир харьцангуй хурдан асуудлаа шийдээд явах боломжтой гэж хариулав.


Гишүүд ийнхүү асуулт асууж, хариулт аван, санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа хуралдаан даргалагчаас COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг Түр хороогоор тогтмол хэлэлцэж байх болно гэдгийг тэмдэглэснээр хуралдаан өндөрлөв.

Холбоотой мэдээ