Сэлэнгэ аймгийн Онцгой комисс хуралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-10-30 17:03:04

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Хилийн аймгийн онцлогтой холбоотойгоор Сэлэнгэ аймгийн Онцгой комисс энэ сарын 28-ны өдөр хуралдсан. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хугацааг сунгаж, холбогдох шийдвэрүүдийг гаргаад байгаа. Энэхүү шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх, мөн хилийн аймгийн онцлогтой холбоотойгоор ийн хуралджээ.

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын хяналт дор Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор ОХУ-аас өдөр бүр Олон улсын ачаа тээврийн 20-40 автомашин тогтмол орж ирж байгаа. Жолооч тус бүрээс шинжилгээ авч, лабораторийн шинжилгээний хариуг үндэслэн ариутгал халдваргүйтлийн дагуу Монгол Улсад нэвтрүүлэн ажиллаж байгаа юм. Одоо хүйтэрч буйтай холбоотой Алтанбулаг боомт дээр ариутгалын бодис хөлдөх, алба хаагчид даарах, өвчин эмгэг тусах, ажиллах хүн хүчний дутагдал үүсэх зэрэг бэрхшээл тулгарч эхлээд байгаа гэнэ. Цар тахлын өвчлөл өндөртэй бүс нутгаас ирж байгаа Олон улсын ачаа тээврийн жолооч нартай хил, гааль, хилийн мэргэжлийн хяналт, Зоонозын өвчин судлалын төвийн албан хаагчид улаан нүүр тулан ажиллаж байгаа нь өнөөгийн бодит байдал юм. Иймээс “Хилийн авто замын боомтоор улс хоорондын ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах түр журам”-ын дагуу ачаа тээвэрлэлтийг төмөр замаар тээвэрлүүлэх саналыг аймгийн Онцгой комиссоос Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комисст хүргүүлжээ. Аймгийн Онцгой комиссоос хүргүүлсэн саналыг тодруулбал:

-Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас хэрэгсэл, ариутгал халдваргүйтлийн бодисын нөөцийн бүрдүүлэлтэд анхаарч ажиллах,

-Урьдчилан сэргийлэх арга хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээнд шуурхай зохион байгуулж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг татан оролцуулах, үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, аймаг, сумдын Онцгой комиссын үйл ажиллагааны шуурхай байдлыг хангах,

-Боомтод ажиллаж буй алба хаагчдын эрүүл мэндийг эн тэргүүнд тавих

-Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу “Маскаа зүүцгээе, гараа угаая” 2 дугаар аяныг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарыг дуустал аймгийн хэмжээнд өрнүүлэх

-Сургууль, цэцэрлэг, албан байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдэд амны хаалтны зөв хэрэглээний талаар сургалт, сурталчилгааг зохион байгуулах

-ОХУ-Монгол Улсын хувь нийлүүлсэн УБТЗ-ын агентийн ажилчдад тавих дотоодын хяналтыг өндөржүүлэх зэрэг асуудлууд тусгагдсан байна.

Аймгийн Онцгой комиссын зүгээс халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгосон байна. Мөн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх чиглэлийн үйлчилгээний газрууд амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй байхад анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.

Хурлын үеэр Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил: -Сэлэнгэ аймаг бол онцгой бүс. Хэдийгээр хил хаалттай байгаа ч манай аймгаар Олон улсын ачаа тээвэр явж байна. Энэ ажил зогсохгүй үргэлжилнэ. Ачаа тээврийг эрсдэлтэй бүс нутгаар дамжин авч ирж байгаа хүмүүстэй манай мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид ажил үүргийн дагуу нүүр тулан ажиллаж байна. Аймаг бүхэн ийм биш. Тиймээс бид энэ онцлогоо мэдэрч, эрсдэлээс өөрийгөө болоод бусад хүмүүсээ хамгаалахын тулд хамгийн түрүүнд амны хаалтаа зүүж хэвших хэрэгтэй байна. Зүүхдээ зөв зүүх хэрэгтэй, тайвширч болохгүй. Олон улсын ачаа тээвэрт явж байгаа жолооч нарын тухайд гадаад, дотоод гэлтгүй нэг ижил журам мөрдөгдөж байгаа. Хилээр гарсан л бол аль улсын хэн байх нь хамаагүй Монгол Улсад мөрдөгдөж байгаа Улсын Онцгой комиссын шийдвэр, дүрэм журмыг мөрдөж ажиллах учиртай гэдгийг онцолсон юм. 

Холбоотой мэдээ