Францад хутгатай этгээд халдлага үйлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-10-30 09:22:29

ПАРИС. /BBC/. Францын өмнөд нутгийн Ницца хотын сүмд пүрэв гарагт хутгатай этгээд халдлага үйлдсэний улмаас гурван хүн амиа алджээ. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон уг явдлыг “лалын террорист халдлага” хэмээн тодорхойлсон байна.


Цагдаа нар гэмт этгээдийг буудан баривчилжээ. Мөн терроризмтой тэмцэх албаны мэргэжилтнүүд халдлагыг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Халдлага үйлдсэн этгээд нь Тунисын 21 настай иргэн бөгөөд Францад энэ сарын эхээр ирсэн байжээ.


“Сүм, сургуулиуд зэрэг олон нийтийн газруудыг хамгаалахын тулд байршуулах цэргийн тоог 3000-аас 7000-д хүргэж нэмэгдүүлнэ” гэж Э.Макрон мэдэгджээ. Мөн Францад аюулгүй байдлын түгшүүрийн хамгийн өндөр түвшнийг зарласан байна.


Энэ сард Францын багш Сэмюэл Пэти Парис хотын зах дахь хичээл заадаг сургуулийнхаа гадна толгойгоо тасдуулсан хэрэг гарсан юм. Мөн есдүгээр сард Парис дахь “Charlie Hebdo” сэтгүүлийн хуучин байрны ойролцоо хоёр хүн хутгалуулсны улмаас хүнд шархаджээ. 

Холбоотой мэдээ