Африкт халдвар авсан хүний тоо 1.73 сая давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-10-29 15:56:31

ПРЕТОРИ. /eNCA/. Африкийн орнуудад шинэ коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 9613-аар нэмэгдэж, 1 737 550-д хүрлээ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бүс нутгийн төлөөлөгчийн газар мэдээлэв.


Сүүлийн 24 цагийн хугацаанд Африкт коронавирусний халдвар авсны улмаас 197 хүн нас барж, нас барсан нийт тохиолдлын тоо 41782 болсон бол цар тахал дэгдсэнээс хойш 1.4 сая гаруй хүн эдгэрчээ.


Халдвар авсан болон нас барсан тохиолдлын тоогоор ӨАБНУ нэгдүгээрт орж байна. Тус улсад 717 851 хүн халдвар авч, 19 053 хүн нас баржээ. Египет улсад 106 877 хүн халдвар авч, 6 222 өвчтөн нас барсан бол Алжирт коронавирусний халдвараар нас барсан 1922 тохиолдол бүртгэгдсэн байна.


Сахарын цөлөөс урагш орших Африкийн орнуудын дунд халдвар авсан болон нас барсан тохиолдлын тоогоор ӨАБНУ-ын дараагаар Нигери (62224, 1135),  Гана улс (47775, 316) оржээ.


Холбоотой мэдээ