Увс аймгийн ИТХ-ын даргаар Ц.Батболдыг сонголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-10-28 19:48:25

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын даргаар энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан Цэвээний Батболдыг сонголоо.

2020 оны орон нутгийн сонгуулиар Увс аймгийн ИТХ-ын 41 суудлын 19-ыг АН, 17-г МАН, 5-ыг бие даагчид авсан. Аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж байгаа нь энэ бөгөөд эхний хоёр өдөр асуудлыг шийдвэрлэж чадахгүй завсарлага авч, талууд хэлэлцээрийн ширээний ард удаа дараа суусан юм. Аль нэг нам нь олонх болоогүй энэ нөхцөлд бие даагчид асуудлыг шийдэх гарц байсан. Энэ дагуу аймгийн ИТХ-д бие дааж сонгогдсон 4 төлөөлөгч АН-тэй эвсэх шийдвэр гаргаснаар ийнхүү өнөөдөр Увс аймгийн ИТХ-ын даргаар Ц.Батболдыг сонгон ажиллахаар боллоо. Харин Түргэн сумаас бие дааж сонгогдсон төлөөлөгч Б.Алтанням аль нэгэн нам эвсэлтэй нэгдэхгүй, цэвэр бие даагчаараа явна гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчээр АН-аас Л.Отгонбаяр, Ё.Мөнхзул, Ц.Цэрэндолгор, Г.Отгонболд, Ж.Александр нар, МАН-аас Ө.Барсүрэн, Т.Нямсамбуу, С.Дэлгэрномин, Д.Бэгзжав нар, бие даагчдаас Ц.Батболд, С.Баяржаргал нар ажиллахаар боллоо.

АН-аас Ч.Чимидийг аймгийн Засаг даргаар сонгохоор санал оруулсан бөгөөд энэ асуудлыг төлөөлөгчид одоо хэлэлцэж байна.    

 

Холбоотой мэдээ