Нийслэлийн тэргүүний өрхүүдийг шалгаруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-27 14:11:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн 381 жилийн ойн өдрийг тохиолдуулан НИТХ, НЗДТГ, Нийслэлийн Ахмадын хороо хамтарч нийслэлийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад оролцож, бусдад үлгэр дуурайлал үзүүлсэн шилдэг өрхийг шалгарууллаа.


2020  оны “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр шалгарсан есөн өрхийн шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар гардуулахдаа, “Гэр бүл бол монгол ахуй, соёл, уламжлал гээд олон нандин зүйлийг агуулдаг. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх, түүх, зан заншил, уламжлалаа гэр бүлдээ өвлүүлж, өв тэгш хүмүүжил олгоход манай гэр бүлүүд онцгойлон анхаарч ирсэн”-ийг тэмдэглэв.


Нийслэлийн тэргүүний өрхөөр үр хүүхдээ амьдрах ухаанд сургаж, амьдрах нөхцөл бололцоог хангах, ам бүлээрээ нийгмийн хэв журам сахиулах болон хороо, дүүргийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцон, иргэний үүргээ ухамсартай биелүүлдэг гэр бүлүүд шалгардаг. Мөн гэр орон, сууц хашаа ойр орчноо үлгэр жишээчээр тохижуулж, зүлэгжүүлэн цэцэглүүлж, соёлч боловсон аж төрөх нөхцөл боломж бүрдүүлэн туршлага болохуйц шинэ санаачилга гарган, өрхийн туслах аж ахуйг хөгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, гар урлал эрхлэх зэрэг тэргүүний үйл ажиллагаатай өрхүүд юм.

Тэргүүний өрхөөр 1995 оноос хойш 25 дахь жилдээ, нийт 170 гэр бүл шалгарчээ.

Холбоотой мэдээ