Манай улс дотоодын цементийн хэрэгцээгээ бүрэн хангаж, 2 сая тонн цемент экспортлох боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
oyundelger@montsame.gov.mn
2020-10-27 12:44:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад барьж байгаа барилга байгууламж, түүнд хэрэглэж буй материалын чанар, стандарт ямар түвшинд байгаа талаар Барилгын хөгжлийн төвийн дэд захирал, Ерөнхий инженер Б.Энхболдтой ярилцлаа.


-Барилгын чанарыг ямар үзүүлэлтээр хэмжиж байна вэ?

Барилга байгууламжийг чанартай барьж байгуулахад техникийн зохицуулалтын шаардлага, холбогдох норм, дүрэм хангасан зураг төсөл, стандартын шаардлага хангасан барилгын материал, бүтээгдэхүүн, угсралтын үеийн дотоод болон төрийн хөндлөнгийн хяналтыг хийх хэрэгтэй. Мөн мэргэшсэн ажилчин, боловсон хүчинтэй байж эдгээр ажлыг чанартай хийж, хяналт тавьж баталгаажуулж, үе шат бүрт анхаарч байж биеллээ олно гэж боддог. Чанарыг дээшлүүлэхийн тулд барилгын салбарын зөвлөх үйлчилгээ нэвтрүүлэхэд анхаарч байна. Барилга барих бэлтгэл үе шатаас түлхүүр гардуулах хүртэлх үйл ажиллагаанд зөвлөн туслах үйлчилгээ юм. Зөвлөх үйлчилгээний дүрмийг энэ ондоо багтаан шинэчилж гаргана. Ингэснээр Барилгын салбарт зөвлөх үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүд чанаржиж чадавхжих юм.

Олон улсын төсөл, хөтөлбөрт дүрэм журмаараа зөвлөх үйлчилгээ аваад ядаг. Монголын компаниуд, инженер техникийн ажилчид Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал, Шангри-Ла зэрэг томоохон төсөл хөтөлбөрт ажиллаад тодорхой хэмжээнд чадавхжсан. Улсын хэмжээнд барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг 6000, зураг төслийн 800 аж ахуйн нэгж бий. Үйл ажиллагаандаа зөвлөх үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгтэй. Үүнд барилгын материал, лабораторийн шинжилгээнээс эхлээд бүх мэдээллийг багтаасан, олон улсад хэрэглэдэг дэвшилтэт технологи болох BIM программ хангамж ашиглана.


-BIM программ хангамжийг хэрэгжүүлэхэд манай нөхцөлд хэр нийцтэй байх бол?

Олон улсын төсөл хөтөлбөрт ажиллаад тодорхой туршлага хуримтлуулсан инженер техникийн ажилчид, аж ахуй нэгжтэй хамтраад ирэх оноос нэвтрүүлнэ. Төр, хувийн хэвшил хамтарна гэсэн үг. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгждэг төсөл хөтөлбөрт үүнийг зайлшгүй нэвтрүүлэх хэрэгтэй. Барилгын салбар нэгдсэн бүртгэл мэдээллийн сантай болохоор дата бааз, программ хангамжийг хөгжүүлж байна. Бүх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, материал үйлдвэрлэл, түүхий эдийн орд газар, тухайн компани ямар үйл ажиллагаа явуулдаг, хичнээн барилга дээр ажилласан туршлага зэрэг барилгын салбарын бүх мэдээллийг багтаана. Үүн дээр үндэслэж дараагийн тендерээ зарлаж, чадвартай аж ахуйн нэгжийг сонгох боломжтой болно.


-Ер нь манай улсад барилгын материалын үйлдвэрлэл хэр хөгжсөн бэ?

Монгол Улсын хүн амын 50 орчим  хувь суурьшдаг нийслэлд барилгажилт өрнөж байна. Цаашид, Засгийн газраас хотын төвлөрлийг сааруулахаар хаяа, дагуул хот байгуулах, томоохон аж үйлдвэрийн парк хөгжүүлэх шийдвэрүүд гарсан. Энэ бүтээн байгуулалтад барилгын материалын тодорхой хэсгийг дотоодоосоо хангах хэрэгтэй. Барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд одоо мөрдөж байгаа дүрэм журамдаа нийцүүлээд чанар, тохирлын гэрчилгээ олгох ёстой. БХБЯ, Барилгын хөгжлийн төвөөс Монгол Улсын барилгын материалын түгээмэл тархацтай түүхий эдийн орд газар, барилгын материал үйлдвэрлэлийн судалгааг иж бүрнээр хийсэн. Дүн шинжилгээгээр улсын хэмжээнд 830 орчим орд газар, илэрц байгаа гэж тогтсон. Зарим орд газрыг хувийн хэвшилд өгснөөр түүхий эд нийлүүлэхгүй байх, үнэ нэмэх давуу эрх эдлэх жишээ цөөнгүй гарсан. Иймд төр заримыг нь мэдэлдээ авч, нийтлэг тэгш эрхтэй үйлчлэх дүрэм, журам гаргах хэрэгтэй байгаа.


-Импортын барилгын материалын чанарт тавьж буй хяналт ямар байна гэж  та үзэж байна вэ?

Барилгын материалыг импортоор оруулж ирэхэд бүрэн хянаж, шинжилж чадахгүй байгаа. Гаалийн мэдүүлгээс эхлээд учир дутагдалтай зүйл бий. Чанартай барилга барихад энэ онцгой асуудал тул дотоодын нөөц бололцоогоо ашиглаад хөндлөнгийн лабораторийн шинжилгээ хийхэд анхаарах ёстой. Цаашид 21 аймаг, нийслэлд байгаа барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлийн лабораторийг чадавхжуулж, эрдэм шинжилгээний ажилчин, шинжээчдийг олон улсын болон дотоодын сургалтад хамруулах юм.


-Импортоор орж ирж байгаа бараа материалд шинжилгээ хийх лабораторийн хүчин чадлын тухайд?

Жижиглэнгээр орж ирж байгаа, ялангуяа цахилгааны утас болон эргээд сөрөг нөлөө үзүүлдэг бараа бүтээгдэхүүнд анхаарч, лабораторио чадавхжуулах хэрэгтэй байгаа. Хөндлөнгийн лаборатори хөгжүүлэхэд мөнгө төсөвлөөд ажил урагшилж байгаа. БХБЯ, Барилгын хөгжлийн төв харьяа магадлан итгэмжлэгдсэн лабораторид жилд 16000 орчим дээж ирдэг. Тодорхой хэсэг нь чанар, стандарт хангадаггүй, дүн шинжилгээ хийгээд үүрэг даалгавар өгдөг.


-Төсвийн хөрөнгөөр барилга барихад зардлыг нь өндөр тавьдаг ч чанар муу байна гэсэн шүүмжлэл тасардаггүй. Үүнийг зөв голдиролд оруулах ямар арга байна?

Барилгын гол буюу 12 нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг тогтмол зарлаж байя гэж байгаа. Жишээлбэл, тухайн сард цементийн үнэ зах зээл дээр хэдэн төгрөг байгааг дундажлаад зарлана гэсэн үг. Ингэснээр улсын төсвийн хөрөнгөөр барих барилга байгууламжийн төсөвт өртөг харилцан адилгүй байгааг зөв тодорхойлох боломжтой болно. Төсөв зөв гарснаар чанартай барилга барих үндэс бүрдэнэ. Тендер шалгаруулахдаа хэт бага үнэтэйг нь сонгочихдог. Үүнээс болж чадамж муу аж ахуйн нэгж бага төсвөөр чанаргүй материал авч барилга барих тохиолдол бий.


-Барилгын чанарын тухай ярихад зураг төсөл чухал үүрэгтэй ч амьдрал дээр гажуудуулж барьсан жишээ олон байдаг. Хяналт шалгалт муу байна гэсэн үг үү?

Монгол Улсын хэмжээнд 2016 оноос хойш жилд 1800-2000 зураг төсөл магадлалаар ордог. Барилгын зураг төсөл чанартай боловсруулахад хөндлөнгийн дүн шинжилгээ хийх 230 орчим эксперт сонгон шалгаруулсан. Зураг төсөл зохиогчдын холбоо бусад ТББ норм, дүрэм, стандарт боловсруулалтад анхаарч байгаа. Зарим норм, дүрэм, стандарт хоцрогдсоныг шинэчлэх шаардлага тавьсан. Монгол Улс норм, дүрмийн стандартын техникийн тогтолцоог өнгөрсөн онд батлуулсан. Ингэснээр олон улсын стандартыг нэвтрүүлэх бололцоо нээгдсэн тул зарим норм, дүрмийг богино хугацаанд шинэчилье гэж байгаа. Барилга угсралт, барилгын зураг төсөл, өрөх байгууламж гэсэн бүх чиглэлийн үйл ажиллагаанд аж ахуйн нэгжээс тодорхой хэмжээнд нормчлолын сан бүрдүүлдэг. Энэ хөрөнгөөс шинэчлэх ажлаа үе шаттай зохион байгуулснаар барилгын зураг төсөл сайжирна.


-Барилгын салбар дунд мэргэжилтний дутагдалтай байдаг. Боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлээр ямар ажил өрнөж байна вэ?

Барилгын зураг төслийг БИМ систем буюу виртуал орчинд боловсруулж, олон улсын дэвшилтэт технологи ашиглахад анхаарч, тодорхой хэмжээгээр санхүүжүүлж байгаа. Олон улсад ашигладаг программ, дэвшилтэт техолногийг Монголын инженер, техникийн ажилчид ашиглаад хэдэн жил өнгөрлөө. Төрөөс дэмжээд BIM буюу нийтлэг нэг программ ашиглах зорилготой байна. Үүнийг ШУТИС ашиглаад 2-3 жил болсон. Мөн зарим компани бүх чиглэлийн давтан сургалт, мэргэшүүлэх сургалтдаа ашигладаг. Үүнээс гадна барилгын салбар хэдэн мужаан, хэдэн гагнуурчинтай гэх тоон мэдээлэл байдаггүй. Иймд МСҮТ-ээ бодлогоор анхаарах шаардлагатай. Ажилтны зэрэг дэвээс хамаараад урамшуулал, цалин ярих тул нэгдсэн системд оруулах хэрэгтэй. Энэ чиглэлд төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод хамтран ажиллах юм.


-Барилгын материалаа дотоодод үйлдвэрлэхэд түүхий эдийн нөөц хүрэлцээтэй юу?

Барилгын материалын дотоодын үйлдвэрлэл хөгжиж байгаа. Цемент гэхэд, Монголын зах зээлийг бүрэн хангах үйлдвэрүүд бий. МАК, Монцемент, Хөтөл, Хятадын нэг үйлдвэр тус бүр нэг сая тонн цемент үйлвэрлэх хүчин чадалтай. Хүчин чадлаа ашиглавал 4,5 сая тонн цемент үйлдвэрлэнэ. Монгол Улсын жилийн хэрэгцээ 2,2-2,5 сая тонн юм. Түүхий эд хангалттай байгаа. Тэгэхээр цаана нь 2 сая тонн цемент экспортлох боломжтой. Ханын дүүргэгч материал тоосго, хөнгөн блокны үйлдвэр зах зээлээ хангаж байгаа. Мөн элс, хайрга, дайрга байна. Монгол Улс төмрийн орд газар, түүхий эдийн нөөцтэй. Дотоодын үйлдвэрлэлийг тендерт давуу эрх олгож үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг. Материал, түүхий эд, хөрөнгө нь байвал Монголын барилгын салбарын инженер, ажилчид тодорхой хэмжээнд чадавхжсан байгаа

 

 

Холбоотой мэдээ