Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн нээлтийг таван сая хүн үзжээ

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2020-10-26 16:58:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад 60 дахь удаагаа зохион байгуулж буй “Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд-2020”-ийн нээлтийг энэ сарын 23-нд UBS телевизийн 400-гийн студиэс шууд дамжууллаа.

Мөн тоглолтыг ОХУ-д Буриад улсын “Тивиком” телевизийн компани, Дорнод Сибирийн “ТиВиСи” телевизийн сувгаар шууд нэвтрүүлсэн байна.


Ёслолыг  ирэх онд тохиох хоёр орны дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг угтан зохион байгуулснаараа онцлог юм. Хүндэтгэлийн тоглолтын үеэр “Найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн он цаг дараалал” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэв.

 

Хөвсгөл аймгаас эхэлсэн “Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд-2020”-ийг Ховд, Завхан, Баян-Өлгий, Дундговь, Дорноговь, Сэлэнгэ гэсэн хил залгаа аймагт орос хэл, соёлын баярыг өргөн хүрээтэй зохион байгуулжээ.  

 

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов, УИХ-ын гишүүн, УИХ-ын дэргэдэх Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Н.Энхболд, Монгол Улсын Баатар, Зөвлөлт Холбоот Улсын Баатар, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл (ННМЭ), “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Ринчинович Базархандаев, “UBS” телевизийн ерөнхий захирал Л.Балхжав нар “Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд-2020”-ийг албан ёсоор нээн үг хэлсэн юм.

 

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов голын усанд живж байсан 9 настай хүүг аварсан сонсогч Б.Тэмүүжинг Бүх Оросын төр олон нийтийн “Горячее сердце” санаачилгын зохион байгуулах хорооны шийдвэрээр “Горячее сердце” (Халуун зүрх) хүндэт тэмдгээр шагнасныг гардуулан өгөв. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнг Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, гадаадад суугаа эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн Олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны холбооны агентлагийн “Найрамдал, хамтын ажиллагааны төлөө” хүндэт тэмдгээр шагнасныг гардууллаа.

 

Энэ жил “КОВИД-19” цар тахал гарснаас үүдэн ОХУ-ын Холбооны хурлын Төрийн думын гишүүн Наталья Владимировна Поклонска, Красноярскийн хязгаарын Амбан захирагч Александр Викторович Усс, Эрхүү мужийн Амбан захирагч Игорь Иванович Кобзев, Бүгд найрамдах Буриад улсын Засгийн газрын дарга Алексей Самбуевич Цыденов, Алтайн хязгаарын Амбан захирагч Виктор Петрович Томенко тэргүүтэй дипломат төлөөлөгчид, ОХУ-ын Ардын жүжигчин, ОХУ-ын Төрийн шагналт олон нийтийн зүтгэлтэн, төгөлдөр хуурч Денис Мацуев, Эрхүү мужийн филармонын Амбан захирагчийн найрал хөгжмийн чуулгын Ерөнхий удирдаач, Уран сайхны удирдагч Илмар Лапиньш, "Самоцветы" хамтлаг, Буриад улсын “Байгал” театр, ОХУ-ын Гавьяат жүжигчин, дуучин Марина Девятова тэргүүтэй урлаг соёлын одод, уран бүтээлчид Монголд 60 дахь удаагаа болж буй “Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд-2020”-ийн нээлтэд цахимаар мэндчилгээ дэвшүүлж, урлаг соёлын үзүүлбэрээр бэлэг барьсан юм.


Харин Монгол Улсын талаас МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа, МУСТА, дуучин Д.Отгонжаргал, МУСТА, хийлч Ч.Дэлгэрцэцэг, МУСТА С.Наран, МУГЖ, УДБЭТ-ын гоцлол дуучин А.Эрдэнэтуяа, УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Монголхүү, “Нюанс” хамтлаг, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төв, UBS телевиз хамтран өнгөрсөн жил зохион байгуулсан “Наша Песня” орос дууны уралдааны Гран-при шагналт Б.Алтанзул нар “Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд-2020”-ийн нээлтэд оролцож, монгол, орос болон бусад орны үзэгчдэд урлаг соёлын үзүүлбэрүүдээ толилуулав.

 

Ташрамд дуулгахад, “Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд-2020”-ийн нээлтийг Монгол, Орос болон бусад улсын таван сая гаруй үзэгч танхимд болон цэнхэр дэлгэцээр, цахимаар шууд үзсэн тухай Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв мэдээлэв.








Холбоотой мэдээ