Испанид орон даяар шөнийн цагаар хөл хорилоо

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-10-26 12:23:42

МАДРИД. /BBC/. Испанид “COVID-19” халдварын тархалтыг хяналтад авахын тулд орон даяар онцгой байдал зарлаж, шөнийн цагаар хөл хорих цаг тогтоожээ. 


Шөнийн 23:00-06:00 цагийн хооронд хөл хорио тогтоох шийдвэр ням гаргаас хэрэгжиж эхэлнэ гэж Ерөнхий сайд Педро Санчез мэдэгджээ. Мөн онцгой байдлын арга хэмжээнүүдийн дагуу орон нутгийн эрх баригчид бүс нутаг хоорондын шилжилт хөдөлгөөнийг хориглох боломжтой болжээ. 


П.Санчез 15 хоногийн турш хэрэгжүүлэхээр төлөвлөсөн шинэ арга хэмжээнүүдийг зургаан сар болгон сунгахыг парламентаас хүснэ гэдгээ мөн мэдэгдсэн байна. Энэ оны эхээр буюу цар тахлын эхний давлагааны үеэр халдвар ихээр тархсан Испанид дэлхийн хамгийн хатуу хөл хориог тогтоосон юм. Гэсэн хэдий ч Европын орнуудын нэгэн адил халдварын хоёр дахь давлагаанд дахин өртөөд байгаа юм.


Мөн Италид ням гарагт мөн шинэ хязгаарлалтуудыг танилцуулжээ. Засгийн газрын мэдээлснээр, халдварын тохиолдлын тоо өссөөр байгаатай холбоотойгоор эмнэлгийн ачаалал нэмэгдсээр байгаа ажээ. Үүний зэрэгцээ Францад сүүлийн 24 цагийн хугацаанд 52010 хүн халдвар авсан нь тогтоогдсон нь тус улсад өдөрт илэрсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Бямба гарагт Францад халдварын 45 мянга гаруй тохиолдол илрээд байжээ.


Испанид онцгой байдлын ямар арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна вэ?

П.Санчезийн мэдээлснээр, мужийн удирдлагууд хөл хорих цагийг дээд тал нь нэг цагийн хугацаагаар өөрчлөх боломжтой ажээ. Мөн муж хоорондын зорчих хөдөлгөөнд тогтоосон хязгаарлалтыг орон нутгийн эрх баригчид тогтооно. Шинэ арга хэмжээнүүдийн дагуу өөр өрхийн зургаан хүн нэг дор цугларахыг зөвшөөрчээ.


“Бид сүүлийн хагас зуунд тохиогоогүй хүнд нөхцөл байдлыг туулах төлөвтэй байна” гэж Ерөнхий сайд мэдэгджээ. Испанид хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгахыг нийт 17 мужийн тэн хагасаас илүү хувь нь уриалаад байсан бөгөөд шинэ арга хэмжээнүүдийг Канари арлаас бусад бүх мужид мөрдөх шаардлагатай юм.


Онцгой байдлын ижил түвшнийг энэ оны дөрөвдүгээр сард цар тахлын эхний давлагааны үеэр танилцуулсан билээ. Испанид цар тахал дэгдсэнээс хойш нэг сая хүн халдвар авч, 35 мянга орчим хүн нас барсан байна.



Италид халдварын тархалтыг хязгаарлахын тулд ямар арга хэмжээ хэрэгжүүлж байна вэ?

Италид кинотеатр, усан бассейн, театр, бялдаржуулах төвүүдийг даваа гаргаас хаана. Мөн шөнийн цэнгээний газар, зоогийн газар, кафенуудад 18:00 цагаас ширээнд үйлчлүүлэгч хүлээн авахыг хориглоно. Гэвч дэлгүүрүүд болон дийлэнх бизнес үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой.


Эдгээр шийдвэрийг Ерөнхий сайд Жузепп Конте, бүс нутгийн удирдагчид харилцан тохиролцсоны дүнд гаргасан байна. Ж.Конте энэ сарыг давчихвал 12 дугаар сараас нөхцөл байдал сайжирна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Мөн тэрбээр энэ оны 3, 4 дүгээр сард орон даяар хөл хорио тогтоосны улмаас эдийн засагт ихээхэн хохирол учирсан тул дахин ийм шийдвэр гаргахыг хүсэхгүй байна гэж хэлсэн байна.


Шинэ арга хэмжээнүүдийн дагуу дунд сургуулийн ихэнх сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажээ. Италид халдварыг хязгаарлахын тулд өнгөрсөн долоо хоногт хөл хорих цаг тогтоосныг эсэргүүцсэн жагсаал эхлээд Неапольд, дараа нь Ромд өрнөсөн юм. Сүүлийн 24 цагийн хугацаанд Италид халдварын тохиолдлын тоо 21200-гаар нэмэгдсэн нь мөн л урьд бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлт болжээ.



Европын бусад оронд нөхцөл байдал ямар байна вэ?

Европ даяар халдварын тохиолдол, нас барсан хүний тоо, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо нэмэгдэж байна.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэдээлснээр, Европт өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо ням гарагт гурав дахь өдрөө дараалан хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ. Тухайн өдөрт халдварын 465319 тохиолдол шинээр илэрчээ.

  • Их Британид ням гарагт халдварын 19790 тохиолдол илэрчээ. Европтоо халдвараар нас барсан хүний тоогоороо нэгдүгээрт бичигдэж буй тус улсад 44896 хүн нас барсан байна.
  • Болгарын Ерөнхий сайд Бойко Борисовын коронавирусний шинжилгээний хариу эерэг гарчээ. Түүнд халдварын хөнгөн шинж тэмдэг илэрсэн бөгөөд өөрийгөө тусгаарлажээ.
  • Чехэд өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээс хөл хорио тогтоов. Тус улсад бямба гарагт халдварын 12472 тохиолдол шинээр илэрсэн нь амралтын өдрөөр бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
  • Нидерландад өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо дахин дээд үзүүлэлтэд хүрч, сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 10203 тохиолдол бүртгэгджээ. Тус улсад энэ сараас шинэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснийг үл харгалзан халдвар авсан хүний тоо нэмэгдсээр байна.
  • ОХУ-д халдвар авсан хүний тоо 1.5 сая давжээ. Гэвч халдвар хамгийн их тархсан Москва хотын захирагч, халдварын тохиолдлын тоо өссөөр байгаа хэдий ч саарч буй байдал ажиглагдаж буйг онцолжээ.
  • Германд халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэх болоод буй энэ үед Роберт Кохын нэрэмжит хүрээлэнгийн байр луу халдсан хэрэг гарчээ. Үүнээс гадна Франфурт хотод зул сарын баярын уламжлалт үзэсгэлэн худалдааг зохион байгуулахгүй байх шийдвэрийг гаргажээ.
  • Швейцарын Женев хотод ойрын өдрүүдэд “COVID-19”-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо олноор нэмэгдэх төлөвтэй байгаа тул тус хотын эмнэлгүүд туслалцаа үзүүлэхийг анагаах ухааны чиглэлээр бэлтгэгдсэн сайн дурынхан, тэтгэвэрт гарсан эмнэлгийн ажилтнуудад уриалсан байна. 
Холбоотой мэдээ