Банкны өмчлөл, удирдлагын хэт төвлөрсөн байдлыг арилгана

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-10-22 18:36:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.


Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. Төрөөс банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлж, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах зорилгоор банкны хяналт, шалгалтыг сайжруулж, олон улсын стандарт, зарчмыг үе шаттай нэвтрүүлэх бодлого баримталж байгаа юм. Өнгөрсөн сарын 30-ны байдлаар банкны салбарын нийт 35.2 их наяд төгрөгийн активын 90 орчим хувийг олон нийтийн хөрөнгө бүрдүүлж байгаа бол 10 орчим хувийг банкны хувьцаа эзэмшигчид хамаарах өөрийн хөрөнгө бүрдүүлж байгааг тэрбээр төслийн танилцуулгынхаа үеэр дурдав.


Дээр дурдсан 10 орчим хувь нь олон нийтийн хяналтаас ангид байгаа банкны хувьцаа эзэмшлийг хэт төвлөрсөн байдалд шилжүүлж, төлбөрийн чадварт нь нөлөөлөн, төрөөс их хэмжээний зардлаар шийдэхүйц хямралд ч хүрэх эрсдэл дагуулдаг байна. Тиймээс банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах, банкны шийдвэрийг цөөн тооны этгээдээс хамааралгүй болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ. Тодруулбал, банк нь зөвхөн хувьцаат компани хэлбэртэй байх, хүн, аливаа хуулийн этгээд банкны хувьцааны 20-иос дээш хувийг эзэмшихийг хориглох зохицуулалтыг тусгасан байна. Хуулийн төслийг баталснаар банканд өмчлөл, удирдлагын хэт төвлөрсөн байдал арилж, банкны үйл ажиллагаа нээлттэй, ил тод болно хэмээн төсөл санаачлагч үзжээ.


Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсад арилжааны 14 банк дампуурсан. Банкууд нээлттэй компани болж, хөрөнгийн бирж дээр хувьцаа арилжиж байсан түүх бий. Анод болон Зоос банк хөрөнгийн биржээс 22 тэрбум төгрөг босгосон ч дампуурч, хувьцаа худалдаж авсан иргэд хохирсон. Энэ 14 банкны хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгохын тулд төрөөс 95 тэрбум, Хадгаламжийн даатгалын корпораци 164 тэрбум төгрөгийн зардал гаргаж байсан. Энэ хэмжээний том эрсдэл гаргаж байсан атлаа дахиад хувьцаа гаргадаг болгох асуудлыг хэлэлцэж байна. Энэ сайн болон муу талтай. Гадаадын компаниуд орж ирээд банкны хувьцааг худалдаж аваад эхэлбэл яах вэ. Бүх банкны эздийн хөрөнгө 3.4 их наяд төгрөгтэй атлаа 35 их наяд төгрөгийн эзэн болдог. Энэ мөнгөөр бусдын бизнесийг булааж авдаг. Өөрөөр хэлбэл, банкууд уул уурхай, худалдаа зэрэг бусад салбарт орж байгаа. Үүнийг хэрхэн зохицуулах вэ” хэмээв.


Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, “2011 онд Компанийн тухай хууль батлагдахаас өмнө Анод болон Зоос банкны асуудал үүссэн. Харин Компанийн тухай хууль, Банкны тухай хуулд банкуудын хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч хэн байх талаар, банк тайлангаа сар бүр тайлагнах байх зохицуулалт тусгасан. Энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Монголбанк арилжааны банкны 5-аас дээш хувийг эзэмшигчдэд зөвшөөрөл олгох, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих зохицуулалт тусгаж байгаа. 2018 оны Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр банкууд охин компани эзэмших эрхгүй болсон. Тиймээс банкуудын даатгалын болон бусад санхүүгийн үйлчилгээ эрхэлдэг охин компаниуд өөр эзэнд шилжсэн” гэлээ.


Мөн УИХ-ын гишүүн Т.Доржханд хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд, гадны банкыг Монголд ажиллах боломжийг бүрдүүлж, өрсөлдөөн бий болгох ажлыг яаралтай хийх хэрэгтэй хэмээсэн юм.


Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар банкны асуудлыг төрийн оролцоотой цэгцлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг онцлов. Тэрбээр, банкны нийт хөрөнгийн ердөө 10 хувь нь хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө бөгөөд 90 хувь нь олон нийтийн өмч юм. Тиймээс төр хувийн хэвшлийн ажилд оролцож байгаа хэрэг биш бөгөөд нийтийн өмчийг хамгаалахад анхаарч байгаагийн илрэл гэдгийг ойлгох хэрэгтэй хэмээсэн юм.


Уг хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Ийнхүү УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Холбоотой мэдээ