Д.Эрдэнэцогт: Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэхэд 600 автобус л хангалттай

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2020-10-22 16:02:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилготой гурван шинэ үйлчилгээг “Бизнес эрхлэгчдийн хамтач холбоо”-ноос  танилцууллаа.

 

Тус холбооны тэргүүн Д.Эрдэнэцогт: “Иргэдэд аюулгүй, хурдан, тохилог нийтийн тээвэр хэрэгтэй байгаа эсэхэд 1000 хүнээс судалгаа авсан. Ингэхэд тэдний 70 орчим хувь нь ийм автобусаар 7 хоногт 2 удаа,  30-40 хувь нь 3-5 удаа үйлчлүүлнэ гэж хариулсан. Хувийн автомашинтай хүмүүс ая тухтай нийтийн унаа байдаггүй, бас түгжрэл ихтэй учраас цаг хугацаа алдахгүйн тулд хувийн унааг илүүд үздэг нь судалгаагаар харагдсан. Мөн нийслэлийн захын хороололд нийтийн тээврийн зогсоол харьцангуй цөөн ч, хэрэв бүх үйлчилгээ дүүрэг бүрт байдаг бол түгжрэл ихтэй хотын төв рүү тэмүүлэх шаардлагагүй гэдгийг иргэд онцолж байв. Гэхдээ 10 сая хол давсан хүн амтай хотууд ч төв рүүгээ саадгүй хүрэх боломжийг шийдсэн байдаг. Иймд автозамын түгжрэлийг сааруулах гарц, шийдэх боломж байгааг бидний судалгаа нотолсон ” гэв.


Санал болгож буй гурван шинэ үйлчилгээ:


1.         Хоёр зогсоолт буухиа автобус: 

 

Ажил, сургуульдаа цагаар явдаг иргэд хоёр зогсоолт буухиа тээвэр, төвлөрсөн хорооллоос шууд хотын төв рүү явбал сууна гэж судалгаагаар гарсан. Хурдан автобус төв рүү дөхүүлээд түгжрэл рүү орохгүйгээр буцаад эргэдэг байх ёстой. Хот руу чиглэсэн урсгал түгжирсэн үед эсрэг талынх нь хоосон байдаг. Тэгвэл зөвхөн буухиа тээвэрт зориулж 2-3 цагийн хугацаанд нэг эгнээг нь гаргаад өгвөл автобуснууд түгжрэхгүйгээр очих цэгтээ очоод буцна. Зөв цэгийг гаргавал эргэлтийн хурд нэмэгдэж хүмүүс автобусыг сонгоно.


2.         Таксиг орлох хурдан тойрдог минибус:

 

Улаанбаатар хотын удирдлагууд 30 мянган такси хотод үйлчилдэг гэсэн тоо гаргасан байдаг. Такси хамгийн их явдаг байршлуудаар минибус явуулж дүүрэхээр нь томоохон хорооллууд руу шууд явуулна. Энэ нь 18-20 хүний суудалтай такси ба гараа өргөөд шууд сууж болно. Үйлчилгээг хэрэгжүүлж эхэлбэл, 30 мянган таксины тоо 10 мянга болтол буурах боломжтой. Жишээ нь, 10 сая хүнтэй Монголоос жижиг нутагтай Сингапур, Хонконг гэх мэт хотод жижиг  автобусууд үйлчилдэг учраас хүмүүс такси барих нь бага байдаг. Гол онцлог нь хурдтай эргэлтийг бий болгож чаддаг.


3.         Ухаалаг системд суурилсан тусгай автобусны үйлчилгээ:

 

Нисэх буудлаас хотын төв рүү явдаг тээштэй зорчигчдод зориулсан автобус үйлчилдэггүй ганц хот бол Улаанбаатар юм. Жишээ нь: Нисэх буудал руу 200 хүн онгоцоор ниснэ гэж бодоход 200 машин хүргэж өгөөд буцаад хоосон явна. Тэр онгоцоор 200 хүн мөн ирж байгаа, тэднийг тосох гээд дахиад 200 машин хоосон очдог.

Драгон авто зогсоолоос зорчигч нийтийн унаанд суухад буудал нь хол, том тээштэй хүн хол зайд алхах хэцүү. Иймд тэд таксинд суухаас аргагүй болдог. Нисэх буудал, төмөр зам, авто вокзалуудад нийслэлд зорчиж буй 30 мянган таксины 20 мянга орчим нь зогсдог юм байна. Тусгай нийтийн тээвэр буюу холоос нийслэлд ирж байгаа  зорчигчдын автобусны зорчих тасалбарын захиалгыг нэг өдрийн өмнө авч суулгаснаар нисэх буудал руу ирэх 400 автомашиныг цөөлөх боломж байна.

 

Д.Эрдэнэцогт хэлэхдээ, “Тодорхой чиглэлд үйлчлэх автобусны зогсоол иргэдэд хэрэгтэй байна. Зурагт харагдаж байгаа тодотгож өгсөн цэнхэр дээр автобус зогсох нь ойлгомжтой байгаа учраас тэр хэсэгт дараалалд зогсож үйлчлүүлнэ. Манайд автобус хаана зогсох талаар мэдээллийн самбар байдаггүй. Мөн хэн хурдан, хүчтэй нь нийтийн унаанд түрүүлж ордог болохоор хүүхдүүд нийтийн тээвэрт сууж чадахгүй тохиолдол их байдаг” гэв.

Тэрбээр, Гүүр, метро барихаас илүүтэй хурдан хугацаанд түгжрэлийг шийдэхэд 600 автобус байхад л хангалттай. Зөв зохион байгуулалт, тогтолцоо хэрэгтэй” гэдгийг онцлов.


                                                                                                                                                                                     Т.Билгүүн

Холбоотой мэдээ