О.Лхагвадорж :Барилгын импортын бараа бүтээгдэхүүнд хяналт тавьж чадахгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-22 12:53:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХБЯ, Барилгын хөгжлийн төв, Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо, Монголын Барилгын Үндэсний Ассоциац, Монголын Барилгын Гүйцэтгэгч байгууллагуудын Холбоо хамтран Барилга байгууламжийн чанарын улсын зөвлөгөөн зохион байгууллаа.

Барилгын чанар нь зураг төсөл, материал, төсөв үнэ бүрдэлт, угсралт, хяналт, нийтийн аж ахуйн салбарын байгууламжаас шалтгаалдаг. Иймд материалын чанарыг сайжруулахын тулд лабораторийн хүчин чадлыг нэмж, чадавхжуулах, импортын бараа бүтээгдэхүүний стандартад хяналт тавих хэрэгтэй.

Улсын хэмжээнд 840 гаруй зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж ажилладаг ч төрийн байгууллагын хяналт сул, хувийн хэвшлийн уялдаа холбоо муугаас зөрчил үүсдэг. Тухайлбал, хот төлөвлөлтийг 30-50 жилээр хийдэг ч зураг төсөл хийдэг байгууллага геологийн дүгнэлттэй уялдуулдаггүй. Мөн голын ай сав газарт зураг төсөл гаргаж болохгүй гэдэг ч ай сав газрынх нь хил хязгаар мэдэгддэггүй зэрэг асуудал тулгардаг. Энэ бүхэнд төр, хувийн хэвшлийн уялдаа чухлыг оролцогчид хэлж байв. Тэд барилга, байгууламжийн чанарыг сайжруулах зарим гарц, санаачилга дээр санал нэгдсэн бөгөөд салбарын түвшинд энэ ондоо багтан тодорхой шийдвэрүүд гаргахыг салбарын сайд дурдав.

Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал О.Лхагвадорж ярихдаа, “Дотоодод үйлдвэрлэдэг барилгын материал чанарын шаардлага хангах ёстой. Энэ салбарын ажиллах хүчний бодлого муу. Импортын бараа бүтээгдэхүүнд хяналт тавьж чаддаггүй, гаалийн мэдээлэл учир дутагдалтай. Аймаг орон нутаг дахь лабораторийн үйл ажиллагааг сайжруулж, чадавхжуулах шаардлагатай. Зүүн аймагт гэхэд барилгын материалын үйлдвэрлэл муу хөгжсөн. Баруун аймгуудыг 2021 онд цементээр бүрэн хангах боломжтой. Ирэх жилүүдэд үндэсний бүтээн байгуулалт, томоохон үйлдвэр барихад нэг сая тонн шохойн хэрэгцээ байгаа тул үйлдвэрлэхэд анхааръя. Барилгын чанарын норм, дүрэм, стандарт байдаг ч хэрэгжүүлдэггүй. Энэ бүхнийг шийдсэнээр барилгын чанар сайжирна. Барилгын зураг төсөлд хөндлөнгийн дүн шинжилгээ хийхэд дэвшилтэт технологи ашиглах, түүн дээр ажиллах инженер техникийн ажилтан, боловсон хүчинг бэлтгэхэд анхаарах шаардлагатай”-г онцлов.  

Зөвлөгөөнийг үр дүнтэй, бүтээлч болгохын тулд өмнө нь “Барилгын материалын чанар, хяналтын тогтолцоо”, “Барилга байгууламжийн зураг төсөл, хяналтын тогтолцоо”, “Барилга угсралтын үе шатны ажлын чанар, хяналтын тогтолцоо” салбар хуралдааныг Барилгын хөгжлийн төвд амжилттай хийсэн.

Одоогоор барилга угсралтын 5932, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах 868, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт засвар үйлчилгээ эрхлэгч 214, барилгын материалын үйлдвэрлэлийн 532 гээд нийт 14429 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байдаг. Үүнээс 7509 буюу 52 хувь нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж, энэ салбарт 73,7 мянган хүн ажиллаж байна.

Холбоотой мэдээ