"Хуралдай" зөвлөлдөх танхим анхны уулзалтаа хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-21 18:35:55
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын даргаар ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн "Хуралдай" зөвлөлдөх танхимыг байгуулсан. Уг зөвлөлдөх танхим өнөөдөр анхны уулзалтаа хийлээ.


Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн сарын 22-нд хийсэн уулзалтаас гарсан саналын дагуу хийж буй ажлын талаар товч мэдээлэв. Үүний дараа "Хуралдай" зөвлөлдөх танхимын дүрмийн төслийн талаар хэлэлцэж, танхимын гишүүд саналаа хэллээ. Ажлын чиглэл, бүтэц зохион байгуулалтын талаар ярилцаж, улиралд нэгээс доошгүй уулзаж зөвлөлдөж байх нь зүйтэй хэмээн үзлээ. Танхимын гишүүдийн гаргасан саналуудыг нэгтгэн тусгаж,  дүрмийн төслийг хүргүүлэхээр боллоо.


Үүнээс гадна Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд хийж буй ажлын талаар УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Н.Цогтсайхан танилцуулсан юм. УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан Парламентын судалгааны хүрээлэнгээс эрхлэн гаргаж эхэлсэн “Мэдээлэл судалгаа’’ сэтгүүлийн талаар танилцуулж, санал солилцсоноор өнөөдрийн уулзалт өндөрлөв.


Ташрамд дурдахад, үе үеийн УИХ-ын дарга нарын "Хуралдай" зөвлөлдөх танхим нь Монгол Улсын парламентын тогтолцоог бэхжүүлэх, парламентат ёсыг төлөвшүүлэх, судалгаа, шинжилгээ, шинжлэх ухаанд суурилсан мэтгэлцээний зарчмыг парламентад хэвшүүлэх, нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцох  ямар нэг санхүүжилт шаардагдахгүй, гишүүд нь цалин хөлс, урамшуулал авахгүйгээр ажиллах сайн дурын механизм юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ