Хятадын дөрвөн вакцин туршилтын сүүлийн шатанд орж 60 гаруй мянган хүнд тариад байна

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-10-22 13:34:08

Бээжин /МОНЦАМЭ/. Хятад улсад хөгжүүлж буй коронавирусний вакцинуудаас дөрвөн төрлийнх нь туршилтын хамгийн сүүлчийн шатанд ороод байгаа бөгөөд энэ оны эцэс гэхэд 610 сая тунг үйлдвэрлэх боломжтой тооцоолол гарчээ.

Тодруулбал, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамны Нийгмийн хөгжил, шинжлэх ухаан, технологийн хэлтсийн орлогч дарга Тянь Баогуо мягмар гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, “Хятад улсын дөрвөн төрлийн коронавирусний вакцин хамгийн сүүлийн буюу 3-р шатны туршилтын шатанд ороод байна. Одоогоор 60 гаруй мянган хүнд дээрх вакциныг туршилтаар тариад байгаа бөгөөд онц ноцтойгоор харшилж, сөрөг нөлөө үзүүлсэн тохиолдол гараагүй” гэжээ.

 Эмнэлзүйн туршилтын 3-р шат нь тухайн вакцины баталгааг олон улсад хүлээн зөвшөөрөх нь чухал үзүүлэлт болдог юм.

 Вакцины судалгааны багийн ахлагч, Үндэсний Эрүүл мэндийн хорооны Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн төвийн эрхлэгч Жөн Жунвэйгийн хэлж буйгаар, энэ оны эцэс гэхэд Хятадын вакцин үйлдвэрлэлийн хүчин чадал 610 сая тунд хүрэх төлөвтэй байна. Мөн ирэх онд үйлдвэрлэлийг өргөжүүлж, дотоод болон гадааддаа шаардагдах Хятадад үйлдвэрлэсэн вакцины эрэлтийг хангах аж.

Хятад улс вакцин хөгжүүлэлтэд техникийн таван үндсэн аргачлалаар ажиллаж байгаа бөгөөд эдгээр нь идэвхгүй /амьгүй/ вакцин, уургийн дахин нэгтгэсэн вакцин, булчирхайн вирус зөөгч вакцин, вирусний халдварлах чадварыг сулруулсан вакцин, нуклейн хүчлийн вакцин зэрэг юм.

“Одоогоор Хятадад хөгжүүлж буй вакцинуудаас 13 нь эмнэлзүйн шатанд ороод байгаа бөгөөд дээрх таван төрлийн аргачлалын /техникээр/  вакцинуудаас бүгдээс нь эмнэлзүйн шатанд шилжсэн вакцин байгаа юм. Харин идэвхгүй, булчирхайн вирус зөөгч вакцин гэсэн хоёр төрлөөс 4 вакцин хамгийн сүүлийн шатанд шилжээд байгаа бөгөөд үр дүн сайтай байгаа” хэмээн Жөн Жунвэй мэдээлжээ.

 

 

   

Холбоотой мэдээ