2025 он гэхэд 85 сая ажлын байр алга болж, 95 сая ажлын байр шинээр бий болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-10-21 17:02:20

ЖЕНЕВ. /TASS/. Технологийн хөгжлийн үр дүнд 2025 он гэхэд 26 орны дунд болон том үйлдвэрүүдэд 85 сая ажлын байр алга болж, 97 сая ажлын байр шинээр бий болно гэж Дэлхийн эдийн засгийн форум (ДЭЗФ) -аас гаргасан “Future of Jobs 2020” ("Ажлын байрны ирээдүй, 2020) судалгаанд дурджээ.


Тус байгууллагын судалгаанд тэмдэглэж буйгаар, “COVID-19” цар тахлын улмаас "хөдөлмөрийн зах зээл хүлээгдэж байснаас хурдан өөрчлөгдсөн байна". "Хүмүүс ба машинуудын хооронд хөдөлмөрийн шинэ хуваарилалт гарснаар 2025 он гэхэд аж үйлдвэрийн 15 салбарын дунд болон том үйлдвэрүүдэд, мөн 26 эдийн засагт нийт 85 сая ажлын байр алга болоход хүрнэ" гэж шинжээчид үзэж байна. Үүний зэрэгцээ "роботын хувьсгалын үр дүнд 97 сая ажлын байр шинээр бий болно гэж таамаглажээ. "Ажилтнуудаа давтан сургах, ахисан шатны сургалтад хамруулах сонголтыг хийсэн" компаниуд шинэ нөхцөлд хамгийн их өрсөлдөх чадварыг харуулна гэж шинжээчид үзэж байна.


ДЭЗФ-ын тайлан мэдээнээс үзэхэд, судалгаанд оролцсон компаниудын 43 хувь нь технологийн хөгжлийн улмаас ажилтнуудаа цомхтгохоор төлөвлөж байгаа бол 41 хувь нь тодорхой ажлуудыг гүйцэтгэхэд гэрээт мэргэжилтнүүдийг авч ажиллуулах төлөвлөгөөгөө өргөжүүлэхээр төлөвлөж байна. Харин 34 хувь нь технологийн шинэчлэлээс үүдэн бизнесийн шинэ боломжууд бий болсонтой холбоотойгоор ажилтнуудынхаа тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж.


Шинжээчдийн тооцоолсноор, хөдөлмөрийн зах зээл хөгжихийн хэрээр 2025 он гэхэд ялангуяа хиймэл оюун ухаан, "ногоон эдийн засаг", компьютерын үүлэн технологи зэрэг салбарт 97 сая ажлын байр шинээр бий болгох шаардлага гарна. Үүний зэрэгцээ "ойрын таван жилд өмнө нь хийж байсан ажлаа гүйцэтгэхийн тулд ажилчдын 50 орчим хувь нь давтан сургалтад хамрагдах шаардлагатай болох аж".


ДЭЗФ мягмар гарагт нээгдсэн “Jobs Reset Summit” олон улсын онлайн бага хуралд зориулж судалгаагаа нийтэлжээ. 10 дугаар сарын 23 хүртэл үргэлжлэх энэхүү форумд 117 орны ажил хэргийн хүрээний болон засгийн газрын 1300 гаруй төлөөлөгчид оролцож байгаа аж.


Холбоотой мэдээ