А.Мекейн нэрэмжит математикийн олимпиадад түрүүлсэн багийг 1,5 сая төгрөгөөр шагнана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-21 14:56:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ардын багш, математикийн шинжлэх ухааны доктор, академич Абишийн Мекей агсны нэрэмжит баруун бүсийн математикийн олимпиадыг Баян-Өлгий аймагт 2015 оноос тогтмол зохион байгуулж байгаа.

Энэ жилийн хувьд тус уламжлалт олимпиадыг А.Мекейн нэрэмжит Өлгий сумын ерөнхий боловсролын зургадугаар сургууль, «Мекей сан» хамтран 11 дүгээр сарын 7-ны өдөр Өлгий хотод явуулахаар болжээ.

«Энэ удаагийн олимпиадын нэг онцлог бол хүндэт багшийн 80 насны ой, төрсөн өдрөөр нь болж байгаа. Үүнтэй холбогдуулан түрүүлсэн багийг 1,5  сая төгрөг, дэд байрыг 900 мянга, гутгаар байрыг 600 мянган төгрөгөөр тус тус шагнана» гэж Мекей сангаас мэдэгдлээ.

Академич Абишийн Мекей нь Монголын казахуудаас математикийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан анхны хүн юм. Тэрээр 1972 онд Москвагийн Их сургуульд "Фейтийн нөхцөлтэй цагираг ба херстений олон гишүүнт" сэдвээр физик-математикийн ухааны дэд эрдэмтний, 1994 онд "Төгслөг ассоциатив цагиргаар үүссэн цогцос ба түүний экстремал болон критик чанар" сэдвээр шинжлэх ухааны докторын зэргийг тус тус хамгаалжээ.

Мөн математикийн 6 сурах бичиг, 20 гаруй гарын авлага, 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн Монголын тэргүүн эгнээний эрдэмтдийн нэг байжээ.

Холбоотой мэдээ