Арлын дугаараа Е-баримт аппликейшнд хийснээр машиныхаа бүх мэдээллийг авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-10-19 13:12:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн хэрэгсэл эзэмшигч жолооч нар өөрийн унаж буй автомашиныхаа бүх мэдээллийг Е-баримт, "Гэрэгэ" киоск ашиглан харах боломжтой боллоо. Зөвхөн эзэмшигчид бус, автомашин худалдан авахдаа тухайн машины бүх түүхийг мэдэж болно. Энд

  • автомашины үйлдвэрлэсэн он
  • ямар гэмтэл, засвар хийсэн
  • хэдэн жил явж буй зэрэг мэдээллийг авч болох нь.

Тодруулбал, тухайн автомашины 4 талаас нь авсан бодит зураг, одометрийн гүйлтийн бодит жинхэнэ заалттай авч, тухайн машины арлын дугаарыг аппликейшнээр оруулаад хянах боломтжой болж байна. Энэ нөгөө талаар манай улсад сэлбэг нэрээр оруулж ирэн машин угсарч дөнгөж ирж орсон шинэ машин хэмээн худалдах хуурамч нөхцөл байдлыг хааж, автомашин хэрэглэгчдийн эрхийг хамгаалсан үйл ажиллагаа болно гэдгийг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээллээ. 


Одоогийн байдлаар хэрэглэгч нар энэ оны 4 дүгээр сарын 1-нээс хойш импортоор орж ирсэн автомашин бүрийн гаалийн мэдээллийг гар утаст суулгасан Е-баримтын аппликейшн болон "Гэрэгэ" киоскноос харж болох нь. 

Цаашид манай улсад явж буй болон орж ирж буй бүх машины мэдээллийн түүхийг энэ мэтээр харах ажлыг манай улсад суугаа Япон болон БНСУ-ын ЭСЯ-аар дамжуулан тухайн улсуудын холбогдох байгууллагаас авах талаар хамтран ажиллаж байна гэв. Дээрх 2 орныг эхний ээлжинд дурдсан нь манай улсад хөдөлгөөн оролцож буй тээврийн хэрэгслийн 70-80 хувийг Япон болон БНСУ-д үйлдвэрлэсэн автомашинууд эзэлж байгаатай холбоотой аж. Энэ талаар Сангийн яамны харьяа Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Гаалийн ерөнхий газар, ШӨХТГ-аас өнөөдөр мэдээллээ. Дээрх байгууллагууд энэ үйл ажиллагааг ажил хэрэг болгохоор хамтарчээ. 


Тээврийн хэрэгслийн арлын дугаараа Е-баримт аппликейшнд хийснээр автомашиныхаа бүх мэдээллийг авч харах боломжтой боллоо.



"Цахим үйлчилгээ ийнхүү нэвтэрч буй нь сайн талтай ч мэдээллийн хүртээмж хэр байгаа, энэ талын судалгаа, сурталчилгаа, мэдээллийн ажлыг хэр явуулж байна?" гэсэн асуултад Гааль, татвар, санхүү мэдээллийн төвийн захирал Т.Батбилэг, "Е-баримт аппликейшныг одоогийн байдлаар 1.7 сая хүн ашиглаж байна. "Гэрэг" киоскыг нийслэлийн нэгдсэн үйлчилгээний цэгүүдэд байрлуулсан. Мөн шинэ цахим үйлчилгээг нэвтрүүлэхээр 12 аймгийн 60 байршилд “Гэрэгэ” киоскыг байрлуулсан" гэсэн хариу өгөв.


Манай улсад өнгөрсөн онд импортоор 69.472 тээврийн хэрэгсэл орж ирсний 85-93 хувийг хуучин буюу хэт хуучин тээврийн хэрэгсэл эзэлж байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй 934.142 тээврийн хэрэгсэл байгаагаас замын хөдөлгөөнд 735 мянган нь оролцож байна. Үүний 76 хувь нь үйлдвэрлэснээс хойш 10 болон түүнээс дээш болсон, 0-3 болон 3-6 жил болсон тээврийн хэрэгсэл тус бүр 3 хувийг эзэлж байна. 6-9 жил болж буй нь 16 хувь байна. Импортоор орж ирсэн 69.472 тээврийн хэрэгслийн 43.9 хувийг суудлын автомашин эзэлж байна. 



Холбоотой мэдээ