Армени, Азербайжан зөвшилцлийн хугацаа эхэлснээс хэдхэн минутын дараа тохиролцоогоо зөрчжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-10-19 08:35:16

ЕРЕВАН. /BBC/. Армени, Азербайжан маргаантай бүс болох Уулын Карабахад гал зогсоох тохиролцоог зөрчсөн хэмээн харилцан бие биеэ буруутгажээ. Талууд орон нутгийн цагаар шөнө дундаас гал зогсоох зөвшилцөлд хүрээд байсан юм.


Гэвч Арменийн Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, Азербайжан зөвшилцсөн хугацаа эхэлснээс дөнгөж дөрөвхөн минутын дараа их буу, пуужин харван тохиролцоог зөрчжээ.


Харин Азербайжаны мэдээлснээр, Арменийн тал хоёр минутын дараа л тохиролцоогоо зөрчсөн байна.


Армени, Азербайжан ОХУ-ын зуучилсан гал зогсоох тохиролцоонд бямба гарагт гарын үсэг зурсан боловч уг баримт бичгийг үл харгалзан мөргөлдөөн ийнхүү үргэлжилжээ.


Азербайжаны газар нутаг хэмээн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловч уугуул арменичууд түлхүү амьдардаг Уулын Карабахад өнгөрсөн сараас дэгдсэн мөргөлдөөний улмаас олон зуун хүн амиа алдсан байна. 

Холбоотой мэдээ