“Улаанбаатар сити”, “Атлетик 220” багууд эхний тоглолтдоо 2:2-оор тэнцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-10-12 17:29:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөл бөмбөгийн холбоо /АХБХ/-ны “AFC Cup” тэмцээнд оролцох эрхийн төлөө “Улаанбаатар сити”, “Атлетик 220” багуудын эхний тоглолт болж 2:2-оор тэнцлээ.

 

Үндэсний дээд лигийн шилдэг довтлогч Н.Наранболд тоглолтын тооны харьцааг нээсэн бол удаах гоолыг “Атлетик 220” клубийн төвийн хамгаалагч Д.Төрбат оруулж, тооны харьцаа 0:2 болсон. Харин Д.Төрбат 2-хон минутын дараа хаалганд орж байсан бөмбөгийг гараараа хааж, улаан хуудас авснаар талбайг чөлөөлж, эсрэг баг нь 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэх болсон юм.

 

Торгуулийн цохилтыг шигшээ багт дуудагдсан Г.Гантогтох амжилттай гүйцэтгэж, эхний хагас 1:2-оор өндөрлөв. Шийдвэрлэх үед “Улаанбаатар сити”-гийн довтлогч О.Мижиддорж тэнцээний гоол оруулсан ч хүнээр дутуу “Атлетик 220”-оос хожил авч чадалгүй үндсэн цагаа дуусгав.

Үндэсний дээд лигийн 2019 оны аварга “Улаанбаатар сити” AFC Cup 2020 тэмцээнд оролцох эрхтэй байсан ч “COVID-19” халдварын улмаас тус тэмцээн цуцлагдаж, энэ жилийн аварга “Атлетик 220”-той 2021 оны AFC Cup-ын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөө тоглохоор болсон юм.

 

Хариу тоглолт 10 дугаар сарын 14-ний 14 цагт МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болно. Тус тоглолт “Атлетик 220” эзэн багийн хувиар тоглох бөгөөд хоёр тоглолтын нийлбэрээр хожсон нь ирэх жил “AFC Cup” тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх эрхтэй болно.

Холбоотой мэдээ