Хоёр ард түмний найрсаг хандлагыг хөгжүүлэхэд МОНЦАМЭ, ЭСЯ-ны хамтын ажиллагаа чухал гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-10-12 16:13:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хог өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам байгуулагдсаны 75 жилийн ойн баярын мэндийг Элчин сайд О Сын Ход хүргээд, МОНЦАМЭ агентлагт зочилж буйд талархал илэрхийлэв.


Тэрбээр, “МОНЦАМЭ агентлаг БНАСАУ-ын Элчин сайдын яам болон тус улсын Солонгосын төв мэдээллийн агентлаг (KCNA) агентлагтай нягт хамтран ажилладаг. Хоёр агентлаг жил бүр төлөөлөгчдөө солилцдог бөгөөд энэ жил коронавирусний улмаас төлөөлөгч айлчилж чадаагүй. Удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт итгэж байна. Манай агентлаг БНАСАУ-ын Элчин сайдын яамтай нээлттэй хамтран ажиллах болно” гэлээ. Мөн тэрбээр дэлхий нийтийг цочроогоод буй коронавирустэй БНАСАУ амжилттай тэмцэж, дотооддоо халдвар алдаагүй цөөн орны нэг болсныг онцлон тэмдэглэсэн юм.


Мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нь БНАСАУ-ын Элчин сайдын яамны үйл ажиллагааг үргэлж дэмжиж ажилладагт Элчин сайд О Сын Хо талархал илэрхийллээ. Мөн тэрбээр “БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын 75 жилийн ойн баяр саяхан болсон. Түүнчлэн энэ сарын 15-нд Монгол Улс, БНАСАУ-ын дипломат харилцаа тогтоосны 72 жилийн ой тохионо. Энэ хугацаанд БНАСАУ-ын аугаа удирдагч Ким Ир Сен Монгол Улсад хоёр ч удаа айлчилж байсан. Монгол Улсын МОНЦАМЭ агентлаг манай улсын Төв мэдээллийн агентлагтай нягт хамтран ажиллаж ирсэн. Үүний дүнд хоёр орны харилцаа, ард түмний ойлголцол бэхжиж ирсэн" хэмээн онцлон тэмдэглэв.


Түүнчлэн Элчин сайд О Сын Хо, цаашдаа хоёр байгууллагын харилцаа улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Миний бие Монгол Улсад томилогдон ирснээсээ хойш төв, хөдөөгийн олон газар ажиллахдаа манай улсын тухай найрсаг дотно сэтгэлтэй хүмүүстэй уулзаж байсан. Манай Улсын иргэд ч эрт үеэс Монгол Улсын тухай дотно сэтгэл, найрсаг хандлагатай байдаг. Тиймээс хоёр орны ард түмний найрсаг хандлагад нийцүүлсэн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд МОНЦАМЭ агентлаг болоод манай ЭСЯ-ны хамтын ажиллагаа туйлын чухал юм” хэмээв.

Холбоотой мэдээ