Т.Мөнхсайхан: Манай улсын 330 сумын 40 орчим нь л шүдний кабинеттай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-10-12 15:26:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хувьд 5-6 насны хүүхдийн 87.3-96.2 хувь, 12-оос дээш насны хүүхдийн 65.3-аас дээш хувь нь шүд цоорох эмгэгтэй байгаа нь судалгаагаар тогтоогдсон.  Иймээс 2018 оноос “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж буй.  


Энэхүү хөтөлбөр нь “Хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын дэвшилтэт арга туршлагыг нэвтрүүлэх хэлбэрээр хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30 хувиар,  цоорлын эрчмийг 4 нэгжээр бууруулах” зорилготой юм.


Хөтөлбөр хэрэгжих хугацаанд нийт 93,495 хүүхдэд амны хөндийн урьдчилан сэргийлэх, эмчлэх тусламж үзүүлснээс шүд цоорлын эмчилгээг 128,651, сувгийн эмчилгээг 27,04, урьдчилан сэргийлэх, эрдэсжүүлэх түрхлэгийг 78,982 хүүхдэд үзүүлсэн байна. 

Эдгээр үйлчилгээнд нийслэл, аймгийн төвүүдийн бага насны хүүхдүүд хамрагдсан тул сумдын түвшинд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарах нь нэн чухал гэж үзэн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Шүд, эрүү нүүрний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эмнэлгийнхэнтэй хэлэлцүүлэг хийв. Уг хэлэлцүүлэгт Энэрэл-дент, Туж-дент, Монсей, Басхүү-имплант эмнэлэг, НАСС-ийн захирал, ШүдТББ зэрэг 10 гаруй шүдний эмнэлгийнхэн оролцов. 


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, “Хүүхэд төдийгүй нийт хүн амын дунд шүд цоорол болон амны хөндийн өвчний тархалт маш их байна. Эрүүл шүд-эрүүл хүүхэд хөтөлбөрийг үндэсний түвшинд хэрэгжүүлэхийн тул сумдын хүүхэд, хүн ам руу шүд, эрүү нүүрний тусламжийг чиглүүлэн тэнд хүрч үйлчлэх нь нэн тулгамдсан асуудал болж байна. Одоогоор 330 сумын ердөө 40 орчим нь шүдний кабинеттай, үлдсэн сумдын иргэд аймагт, эсвэл нийслэлд ирж тусламж авч байгаа нь бүх нийтийг хамруулах, хэнийг ч орхигдуулахгүй байх зарчимтай үндсэндээ зөрчилдөөд байгаа. Мөн энэ салбарын эмч нарын бараг 98 хувь нь хувийн хэвшилд ажиллаж байна. Энэ нөхцөлд бид хувийн хэвшлийн оролцоонд тулгуурлан хөтөлбөрийг сумдын түвшинд хэрэгжүүлэхэд та бүхний дэмжлэг, хамтын хүчин чармайлт хэрэгтэй” гэсэн юм.

Шүдний холбооны ерөнхийлөгч Ч.Гантөмөр хэлэхдээ, ялангуяа шүдний эмчийн тоо хангалттай хэдий ч эмчийн туслах болон техникч хомсдолтой байна. Нөгөө талаас шүдний тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт анхаарах хэрэгтэйг дурдлаа.

Ийнхүү төр ба хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагааг өргөтгөх замаар ялангуяа шүд, эрүү нүүрний тусламж, хүн амыг эрүүлжүүлэх, шүд угаах, арчлах зан үйл, дадал төлөвшүүлэх чиглэлд хамтран ажиллахаар ярилцав. 


 

Холбоотой мэдээ