Гал түймэр унтраах, аврах тусгай зориулалтын автомашин олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-10 21:55:01

Ховд /МОНЦАМЭ/. Гал түймэр унтраах, аврах тусгай зориулалтын автомашин хүлээлгэн өгөх үйл ажиллагаа энэ сарын 10-ны өдөр Ховд аймагт боллоо.   

Энэ удаа Монгол Улс, Беларусийн Засгийн газар хоорондын Экспортын зээлийн хүрээнд гал түймэр унтраах, аврах зориулалтын гурван автомашиныг Ховд аймагт хүлээлгэн өгөв. 

Тус автомашиныг Ховд аймгийн төв болон Зэрэг, Булган суманд хуваарилсан бөгөөд онцгой байдлын газрын аврах болон гал түймэртэй тэмцэх анги, албаны жолооч нар түлхүүрээ гардан авлаа.

Тус үйл ажиллагааны нээлтэд УИХ-ын гишүүн гишүүн С.Бямбацогт, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар болон мэргэжлийн байгууллагуудын дарга, алба хаагчдын төлөөлөл оролцсон юм. 

Сүүлийн үеийн технологи бүхий, аврах ажиллагааны багаж, хэрэгсэл суурилуулсан, "МАЗ" маркийн эдгээр автомашинтай болсноор онцгой байдлын байгууллагын гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн чадавх нэмэгдэх боломж бүрдэж байна гэж албаныхан онцоллоо. 

Мөн энэ үеэр Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагааг өргөжүүлэх, техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх боломжийг өргөжүүлэх зорилгоор шинэ фургон автомашин гардуулан өгсөн юм.

Энэхүү үйл ажиллагааны төгсгөлд нийт оролцогчид гал түймэр унтраах, аврах тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэлтэй танилцлаа.  

Холбоотой мэдээ