Монгол Улсын Ерөнхийлөгч Төв аймгийн иргэдтэй уулзалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-10-10 21:53:38

Төв /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 10 дугаар сарын 9-нд Төв аймагт ажиллаж, аймгийн удирдлагууд болон иргэдтэй уулзалт хийлээ. 

Мөн Зуунмод суманд ажиллах үеэрээ Зэвсэгт хүчний Жанжин штабын Хуурай замын цэргийн командлалын байраар зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан юм.

Төв аймгийн “Монгол туургатан” театрт иргэдтэй уулзалт хийлээ.

Төв аймгийн иргэн О.Энхбаяр:

“Манай аймагт Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн гурван төв байдаг. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд уул уурхай, газар тариалангийн мэргэжилтнүүд байхгүй болчихоод байгаа. Энэ гурван төвийг ашиглаад хэрэгтэй мэргэжилтнүүдээ бэлтгэх боломж байдаг уу? Ирээдүйд Монгол Улсад бүтээн байгуулалт явуулна. Жишээ нь Майдар хот, ОХУ-БНХАУ-ыг холбосон хийн хоолой, Богдхан төмөр зам зэрэг төслүүд байна. Энэ ажлууд дээр ямар ямар мэргэжилтнүүд хэрэгтэй байгаа вэ? Энэ мэргэжилтнүүдийг Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдээр дамжуулж, сургалтын хөтөлбөрт нь өөрчлөлт оруулах боломжтой юу? Төв аймаг Монгол Улсад хэрэгжиж байгаа томоохон бүтээн байгуулалт, цаашдаа хэрэгжих том төслүүд дээр ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх бүрэн боломжтой гэж би боддог. Бидэнд ажиллах хүчин байна. Ажилгүй залуучууд маш их байна. Та үүнийг анхааралдаа аваад өгөөч” гэж хүслээ.


Төв аймгийн иргэн Жадамбаа:

“Би Төв аймгийн уугуул иргэн. Манай аймаг улсынхаа эдийн засаг, нийгмийн түүчээ болж ирсэн. Төв аймгийг үйлдвэрлэл, бүс нутаг, эрхэлдэг аж ахуй, улсын эдийн засаг, нийгэмд оруулж буй хувь нэмэр, газар нутгийнх нь хувьд харгалзан үзэж, Монгол Улсын хөдөө аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэл, хүнсний стратегийн бүс нутаг болгож өгөөч. Уул уурхайн ордыг стратегийн гэж зарлаж болдог шүү дээ. Ингэвэл манай аймгийн олон мянган хөдөлмөрчдийн амьдрал, нийгмийн баталгаа сайжирна. Үйлдвэрлэл явуулж чаддаг болох баталгаатай эх үүсвэрийг бий болгож, бидний амьдралд туслалцаа үзүүлж өгнө үү.

Төв аймгийн иргэн Б.Шинэбаяр:

“Төв аймаг, Зуунмод суманд амьдарч буй хүмүүсийг харахад тэтгэврийн насны хөгшчүүл, цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд, төрийн албан хаагчид л байна. Төвийн бүсийн тулгуур төв, одоо хотын статустай болох гэж байгаа ийм газарт яагаад залуучуудыг дэмжиж ажиллаж болохгүй байна вэ? Сум, орон нутаг хөгжүүлэх сангийн болон халамжийн төслүүдээр яагаад залуучуудыг дэмжиж, тэр төслүүд хэрэгтэй хүнд нь очихгүй байна вэ? Манай аймагт залуучуудыг дэмжсэн бодлого, төсөл дээр хэт өндөр шалгуур тавигдаж байна.

Мөн Зуунмод суманд дэд бүтцийн асуудлыг шийдэж, ялангуяа гэр хороололд дэд бүтэц тавьж өгөөч. Зөвхөн Зуунмод гэлтгүй бусад суманд адилхан. Дорнод, Сүхбаатар аймгийн сумдад 0.5 га газар аваад, хашаандаа дуртай байшингаа бариад, дулаан, цэвэр ус, сангийн бүх холболтыг хийгээд амьдарч байна. Манай Зуунмод суманд яагаад ингэж сайхан амьдарч болдоггүй юм бэ? Хүмүүс байр л гэх юм. Яг үнэндээ орон сууц хэдэн жилийн настай, эрүүл ахуйд хэр нийцдэг вэ? Бид нар таван ханатай гэртээ ч гэсэн дулаан авч, дэд бүтцийн шугамыг оруулчихаад, хүссэн үедээ халуун усанд орох боломжтой амьдармаар байна”. 

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга иргэдийн асуултад хариулж, дүгнэж үг хэллээ. Энэ үеэрээ иргэн О.Энхбаярын хэлсэн саналын талаар, “Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтыг хөгжлийн бодлоготойгоо уялдуулах ёстой. Хөгжлийн бодлоготойгоо уялдахгүй болохоор залуус төгсөөд ажлын байр нь бэлэн болдоггүй. Дорноговь, Өмнөговь аймгийн нутагт барьж буй 700 орчим км төмөр замын ажлаар жишээ татъя. Мөн автозам, барилгын ажлуудыг дурдаж болно. Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдээ томоохон бүтээн байгуулалтын ажилтай холбож, мэргэжилтнээ бэлтгэж байгаа. Зэвсэгт хүчний Жанжин штаб энэ тал дээр маш сайн ажиллаж байгаа. Иргэн О.Энхбаяр маш зөв санал хэллээ” гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн “Төв аймаг бусад аймгаас Улаанбаатар хоттой маш ойрхон бөгөөд бүх талаар хөгжих боломжтой. Би яагаад ингэж хэлж байна вэ гэхээр дэд бүтэц нь байгаа. Шинэ нисэх буудал ч баригдаж дууссан. Төв аймагт байгуулах Майдар хотын төсөл ямархуу явж байна вэ гэхээр, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хотын статустай байхаар оруулсан. Улаанбаатар гэсэн ганцхан хоттой, тэр хот нь нийслэл байна гэсэн 1992 оны Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Эрдэнэт, Дархан дагуул хотуудыг хотын статустай болгох заалтууд орсон. Одоо хотын статусаар явна гэсэн үг” гэлээ.

Мөн Зуунмод суманд ажиллаж Зэвсэгт хүчний Жанжин штабын Хуурай замын цэргийн командлалын байраар зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан юм. Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар Хуурай замын цэргийнхний сүүлийн үеийн ололт амжилт, бэлэн байдал, бэлтгэлжилт, цэргийн сургалт бэлтгэлээ дээшлүүлэхэд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, төмөр замын бүтээн байгуулалт дахь оролцоо, хамтарсан дадлага сургалтууд зэрэг олон чиглэлээр танилцуулга хийсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хуурай замын цэргийн командлалыг орон нутагт шилжин байрласнаас хойших өдөр тутмын үйл ажиллагаагаа удирдан, цэргийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлж, албан тушаалтнуудын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулсан байгааг өндрөөр үнэлээд цаашдаа зэвсэглэл, цэргийн техникийн бэлэн байдлыг сайжруулах, цэргийн алба хаагчдын дэг журам, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, бие бялдрыг нь хөгжүүлэх, нэгтгэл, анги, салбарт дотоод албыг хэвшүүлэх, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэх замаар цэргийн албаны нэр хүндийг өсгөх арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн онцолж байсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдаж Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болд, Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн бодлогын зөвлөх Я.Санжмятав, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг нарын албаны хүмүүс ажиллалаа.


Холбоотой мэдээ