Монгол инженер даамны шинэ төрөл “Төрдөг даам” бүтээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2016-05-21 14:29:15

Номд хайртай, номыг дээдэлдэг, ном сонирхогч хүмүүсийн хүлээдэг “Номын баяр” Их Эзэн Чингис хааны талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Номын баяраар зохиолч, уран бүтээлчид ном, зохиолоо сурталчлан таниулж, ном үйлдвэрлэгчид, хэвлэлийн компаниуд, худалдан борлуулагчид, хуучны ховор ном цуглуулагчид, иргэд урлаг соёлын олон арга хэмжээнд оролцлоо. 

Эгнэсэн асраар ярайх  шинэ, хуучин, уран зохиолын, урлаг уран сайхны, судалгааны, шашны, түүхэн, зөвлөмж, санамж, толь бичиг гээд төрөл бүрийн ном дэлгээтэй байх бөгөөд зохиолчид, хэвлэлийн компаниуд  номоо 20-50 хувиар хямдруулжээ.

Номын баярыг үзэж явахад Инженер Д.Батжаргалын бүтээсэн “Төрдөг даам” сонирхол татав.

Уг даамыг 100 буудалт дааман дээр үндэслэн зохиосон бөгөөд нийт 81 хөлөгтэй аж. Тоглогч тус бүр 14 даамтай байх аж. Хамгийн арын эгнээний 5 хөлөгт 1-3 саран тэмдэг бүхий 5 даам байрлуулсанд Төрдөг даамын гол учир оршино. Дээрх 5 даамын аль нэгээр өрсөлдөгчийнхөө даамыг идсэн тохиолдолд нөгөө талдаа идүүлсэн өөрийнхөө даамнаас нэгийг төрүүлэх буюу тоглолтод оруулах боломжтой болох юм. 1 тэмдэгтэй даамаар өрсөлдөгчийн даамыг идсэн тохиолдолд нөгөө талдаа 1 даамыг, 2 сартай даамаар идвэл 2-ыг, 3 сартай даамаар идсэн бол 3 даамаа тоглолтод оруулах боломжтой болох аж. Даамаа төрүүлэхдээ хөлгийн баруун гар талын арын эгнээний хоосон хөлөгт байрлуулах аж. Уг даамыг одоогоос сар гаруйн өмнө зохион бөгөөд Оюуны өмчийн газарт хандаж, зохиогчийн эрхийн гэрчилгээ авах болсон гэдгийг Д.Батжаргал хэлсэн.

Тэрбээр, “Олон улсад энэ төрлийн даам байдаг эсэхэд судалгаа явуулж байгаа. Монголын даамын холбоо, спортын мастерууд болон сонирхогчид тун нааштай хүлээж авч дэмжихээ илэрхийлсэн. Өчигдөр л гэхэд даамын спортын мастер зэрэгтэй 2 хүн ирж үзээд, баяр хүргэж, урам өгөөд буцсан. Тэд энэ төрлийн даам дэлхийд бараг байхгүй гэдгийг хэлээд даамны спортын шинэ төрлийг бий болгож байгаагаар минь бахархаж буйгаа илэрхийлсэн. Хүүхдүүд ч тун их сонирхож байгаа. Эсрэг талынхаа төрдөг даамыг идэж, эсрэг тоглогчийн даамыг тоглолтод оруулахаас сэргийлэх, өөрийнхөө даамыг хамгаалах зэргээр хүүхдийн сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлдэг. Энэ даамаар тоглосон хүүхэд шатар сурахад хялбар" гэв. Төрдөг даамыг 10 мянган төгрөгөөр борлуулж байв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ