Д.Трампын захиргаа худалдааны дайнд ялагдсан гэв

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-08 12:39:44

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Хятадтай хийсэн худалдааны дайнд ялагдсан. АНУ-д эдийн засгийн ноцтой хохирол учирсан хэмээн АНУ-ын дэд ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис тус албан тушаалыг хашиж буй Майкл Пенстэй хийж буй мэтгэлцээнийхээ үеэр мэдэгджээ. Мэтгэлцээн Юта мужийн их сургуулийн танхимд болж байна. 


“Хятадтай хийсэн худалдааны дайны улмаас Америк эцсийн дүндээ боловсруулах аж үйлдвэрийн салбарт 300 мянган ажлын байраа алдаж, үүний улмаас фермерийн аж ахуй эрхлэгчид дампуурсан” хэмээн тэрбээр хэлжээ. Боловсруулах аж үйлдвэрийн салбар уналтад орж, хэрэглэгчид бүтээгдэхүүнд илүү ихийг төлдөг болсон гэж Харрис үзэж байна.


БНХАУ, АНУ хоорондын худалдааны хэлэлцээрийн эхний үе шатны тохиролцоонд гарын үсэг зурах ёслол Вашингтонд 1 дүгээр сарын 15-нд болсон юм. Баримт бичигт Д.Трамп, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ нар гарын үсэг зурсан. Уг хэлэлцээрт Хятадын тал эхний жилд Америкийн бараа бүтээгдэхүүний худалдан авалтаа 76.7 тэрбум ам.доллароор, гэрээний хэрэгжилтийн хоёр дахь жилд 123.3 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэхийг зөвшөөрчээ. Гэрээ хоёр улсын худалдааны алдагдлыг бууруулна гэж Д.Трамп мэдэгдсэн юм.


Телевизийн мэтгэлцээн 90 минут үргэлжлэх бөгөөд 10 минутын зайтай 9 хэсэгт хуваагдана. Хэсэг бүр “USA Today” сонины Вашингтоны товчооны дарга Сьюзен Пейжийн сонгосон сэдвээр эхлэх аж. 

Холбоотой мэдээ