В.Путин 68 нас хүрч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-07 12:36:46

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний 68 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр тэрбээр олон улсад тулгамдсан асуудлаар хэдэн арван хүнтэй утсаар ярьж, улс орныхоо өнөөгийн асуудлыг хэлэлцэх болно.

Тогтсон ёсоор тэрбээр орой ойр дотных нь хүмүүсээс ирүүлэх баярын мэндчилгээг хүлээн авна хэмээн ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрия Песков мэдэгджээ.


Амжилтын ухаан

Хорь гаруй жилийн хугацаанд төрийн дээд албан тушаалыг хаших хугацаандаа ноён Путин хэн бэ гэдгээ өдөр бүр гүйцэтгэж буй ажил үүргээрээ харуулж ирсэн. Гэсэн ч энэ асуултын бүрэн тайлал хүн бүхэнд тодорхой байж чаддаггүй нь үнэн юм.

Дунд сургуульд байхдаа тулааны урлагаар хичээллэдэг байсан нь өнөөдрийн амьдралд хандах хандлага, хувь хүнийх нь шинж чанар төлөвшин бий болоход нөлөөлсөн хэмээн Ленинградын их сургуулийн Хууль зүйн факультетын төгсөгч, эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалагч, тусгай албаны туршлагатай ажилтан В.Путин нэг бус удаа хэлж байжээ. Одоог хүртэл тэрбээр жүдог өнөөгийн улс төрчдөд хамгийн хэрэгтэй спортын төрөл гэж үздэг байна. "Жүдо нь биеийн болоод оюун ухааны дасгал бөгөөд тэсвэр хатуужил гаргах, цаг үеийн хурцадмал байдлыг мэдрэх, өрсөлдөгчийнхөө давуу болон сул талыг мэдэх, илүү сайн үр дүнд хүрэхийг эрмэлзэх хүч чадлыг хөгжүүлдэг. Хамгийн гол нь байнга сайжирч, өөр дээрээ ажиллах боломжийг олгодог юм" гэж В.Путин үздэг байна. 

Каратэгийн хар бүсийн эзэн, жүдо, самбогийн мастер В.Путин дасгалын зөвхөн биед үзүүлэх нөлөөг үнэлдэггүй. “Жүдо нь өөрөө “зөөлөн арга” гэсэн гун ухаанаас улбаалсан утгыг агуулдаг аж. "Бага боловч үр ашигтай хүчин чармайлт гаргаснаар үр дүнд хүрэх боломж” бий болдог. Тулааны арга барил нь найр тавин бууж өгөх чадварыг эзэмших боломжийг олгодог хэдий ч ялалтанд хүрэх зам л ийм чадварт сургадаг. Сэтгэл зүйн бэлтгэлтэй байж гэмээнэ амжилтанд хүрдэг” гэж ерөнхийлөгч тайлбарлажээ.

Энэ бүх зарчмыг төрийн тэргүүн олон улсын яриа хэлэлцээ хийх, улс орны хөгжлийн дотоод бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэхдээ ашигладаг байна.

“Путин бол хамгийн туршлагатай, мэдлэгтэй, авъяаслаг удирдагч. Хэлсэн үгэндээ хүрэх тал дээр ч мөн хамгийн хариуцлагатай хүн юм. Дэлхий дахинд түүнтэй харьцуулагдах хүн ховор” хэмээн түүний хэвлэлийн албаны дарга Песков ярьжээ.

"Улаан шугамтай холбоотой асуудлуудад В.Путин маш хатуу байдаг. Энэ нь улс орны үндэсний ашиг сонирхлын хөндөж, давж болдоггүй шугам юм" гэдгийг Кремлийн төлөөлөгч онцолдог байна. 


Ерөнхийлөгчийн хэмнэлд

“Ерөнхийлөгч маш шаргуу ажилдадаг хүн. Тэрбээр цаг хугацааны тал дээр өөрийн гэсэн ойлголттой. Улс орныг удирдана гэдэг нь зууханд асах галыг унтрааж болдоггүйтэй адил. Энэ нь цаг хугацаанаас үл хамааран тасралтгүй үргэлжилж байдаг процесс юм. Тийм ч учраас ерөнхийлөгчийн засаг захиргаа шөнө дөл болтол ажилладаг бөгөөд амралтын өдрүүд ховор” хэмээн Путиний хэвлэлийн албаны даргаар 10 гаруй жил ажилласан Д.Песков ярьжээ.


Ажлын чанарыг сайжруулах зорилгоор доод албан тушаалтнуудаа шахалтад байлгахын тулд тэднийг шүүмжилдэг гэдгээ В.Путин өөрөө ч хэлж байжээ.  


"Хүмүүст үүрэг хариуцлагыг нь ойлгуулах хэрэгтэй бөгөөд тэднийг байнгын шахалтанд байлгах хэрэгтэй. Ард түмэн амар тайван байдлыг мэдэрч эхэлсэн цагт л тэдний шахалтыг арилгах хэрэгтэй" гэж үздэгээ “Владимир Путинээс асуух 20 асуулт” гэдэг нэртэй тусгай төсөлд зориулагдсан ярилцлагын үеэр В.Путин хэлсэн байна.


В.Путин худлаа ярих, мэдлэг чадваргүй байдалд хамгийн дургүй гэдэгт Д.Песков итгэлтэй байна. Намуухан дуугаар хэлэх В.Путины үгс ямар оновчтой бөгөөд тодорхой байдгийг олон албан тушаалтан хувийн туршлагаасаа мэддэг. Хайж байсан үр дүндээ хүрэхийн тулд зарим үед доод албан тушаалтнуудаа загнаж зандчихаас өөр аргагүйд хүрдэг гэж В.Путин хэлсэн нь үнэн юм. Ингэхдээ тэрбээр бусдын үзэл бодлыг анхааралтай сонсож, хэлэлцүүлэг хийхийг үр дүнтэй арга барил гэж үздэг бөгөөд бүтээлч шүүмжлэл, нарийн тодорхой талуудыг нь сонирхдог бол хийрхэлд анхаарлаа хандуулдаггүй гэж Д.Песков ярьжээ. 


Зурагдсан тавилан

Иргэдтэй шууд холбогдох үеэрээ В.Путин нэг удаа эцгийнхээ өгсөн зөвлөгөөг бусадтай хуваалцжээ. Энэ нь “Худал бүү ярьж бай” гэсэн зөвлөгөө байсан юм. Тийм ч учраас В.Путин аливаа асуудлуудын талаар ярихдаа байр сууриа байнга “шулуухан, шударга, ойлгомжтой” байлгах дуртай байдаг нь илт байдаг.


Засгийн эрхэнд байх хугацаа нь ингэж удаан сунжирна гэж анх санаанд нь ч бууж байгаагүйг В.Путин “TASS” агентлагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг аж. Гэсэн ч хэзээ нэгэн цагт тоглолтоос гарах боломжийн талаар ярихдаа тэрбээр “юу болж байна вэ, хэрхэн өрнөж байна вэ, юу болох вэ” гэсэн хариуцлагын мэдрэмжийн талаар дурджээ. 


Гэсэн ч 2024 онд бүрэн эрхийнх нь хугацаа дууссаны дараах статусынхаа асуудлыг шийдвэрлэхийг хэтэрхий эрт гэж тэрбээр үзэж байна. Хариулт нь ард түмний хүсэл, итгэл найдвараас хамаарна гэж тэрбээр хэлж байсан аж.


Ерөнхийлөгч албан тушаалаа зөвхөн ажил үүрэг бус хувь тавилан гэж хардагаа хүлээн зөвшөөрчээ. “Хэргийн учир нь би залхах эсвэл өөр тийшээ явахыг хүсэж байгаад биш юм. Гол учир үүндээ огт биш. Ямар ч хүн миний оронд байсан бол энэ үүргийг зөвхөн ажил алба төдийгүй хүний хувь тавилан гэж харах байсан. Би үүнд ингэж л ханддаг" гэж тэрбээр хэлжээ. 

 

Холбоотой мэдээ