Б.Лхагвадорж: Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал ус Туул гол руу шуууд цутгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-10-06 14:52:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Төв цэвэрлэх байгууламж /ТЦБ/-ийн бохир ус бетонон хашлагаа давж урсан цөөрөм  болж тогтжээ.


Иймд Монголын нэгдсэн хөдөлгөөн ТББ санаачилж, Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори бохирын сувгийн сэтэрсэн хэсгээс гарсан бохир ус, хуримтлагдсан цөөрмийн уснаас сорьц авч  өнгөрсөн сарын 16-нд Усны газарт шинжилгээ хийлгэсэн байна.


Шинжилгээний хариуг хаягдал усны MNS 4943-2015 стандарттай харьцуулсныг сонирхуулбал,


ТЦБ-аас гарч буй усны сорьцын шинжилгээний хариу:

-     Устөрөгчийн илтгэгч pH=6.828 жинлэгдсэн бодис 26мг/л, эрдэс фосфор (Рэрд) 1.15мг/л байсан. Энэ нь стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй.

-     Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5)-ийн агууламж 539мг-О/л буюу стандартаас 27 дахин хэтэрсэн.

-     Химийн хэрэгцээт хүчилтөрөгч (ХХХ)-ийн агууламж 328мг-О/л буюу стандартаас 6.6 дахин давсан.

-      Азотын агууламж нь 31.92мг/л буюу стандартаас 2 дахин давсан байна.


Харин тогтоол усны сорьц:

-    Устөрөгчийн илтгэгч pH=6.4 жинлэгдсэн бодис 16мг/л, эрдэс фосфор (Рэрд) 0.78мг/л байсан. Энэ нь стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй.

-     Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5)-ийн агууламж 522мг-О/л буюу стандартаас 26.1 дахин давсан.  

-     Химийн хэрэгцээт хүчилтөрөгч (ХХХ)-ийн агууламж 337.5мг-О/л буюу стандартаас 6.7 дахин давсан.

-     Азотын агууламж нь 27.46мг/л буюу стандартаас 1.8 дахин давсан байна.


Эндээс дүгнэвэл, зөвхөн устөрөгчөөс бусад нь стандартын шаардлага хангахгүй.  ТЦБ-аас гарч бетонон сувгаар урсаж буй бохир ус, тогтоол усны чанарын үзүүлэлт хаягдал усны “MNS4943-2015” ерөнхий стандартыг хангахгүй байна гэж Усны газар дүгнэжээ.


Үүгээр зогсохгүй бохир усны цөөрөм бий болсноор орчны бохирдол үүсгэж байгаагаас Туул голын дагуу ургаж байсан 40 ширхэг нарийн навчит бургас амьдрах чадваргүй болсон гэж БОАЖЯ-ны Ойн судалгаа хөгжлийн төвөөс 9 дүгээр сарын 17-нд дүгнэсэн байна.


Дээрх мэдээллийг Монголын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Б.Лхагвадорж болон иргэн Ц.Галбаатар нар өнөөдөр хэвлэлийн бага хурлын үеэрээ танилцуулсан юм. Мөн Монголын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Б.Лхагвадорж, “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны удирдлагууд, БОАЖЯ болон НЗДТГ-ын холбогдох хүмүүст мэдэгдэж, шийдвэрлүүлэх хүсэлтээ удаа дараа өгсөн ч шийдвэрлээгүй. Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй ус Туул голтой нийлдэг. Ямар ч шүүлтүүргүйгээр бохир ус ундны усанд цутгаж байна. Энэ урсгал үргэлжилсээр байвал хүн, мал, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөхөөс гадна ундны усны нөөцөд асар их аюул нүүрлэж байна. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай” хэмээсэн юм. 

Холбоотой мэдээ