Парламентын үйл ажиллагааг сурталчлахад Азийн сантай хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-10-05 14:26:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа нар өнөөдөр (2020.10.05) Азийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Марк Кэйнингтэй цахимаар хуралдав.


УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан цагаас эхлэн ардчилал, Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэхэд Азийн сангийн оруулсан хувь нэмэр өндөр болохыг тэмдэглээд хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн төлөө ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар Азийн сан нь нийтийн сонсгол, зөвлөлдөх санал асуулга зохион байгуулж, төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангахад чухал дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлснийг уламжиллаа. Тэрбээр хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Парламентын судалгааны хүрээлэнгийн үүрэг оролцоо чухлыг онцлоод судалгаа, шинжилгээ болон иргэдийн парламентын боловсролыг дээшлүүлэх, парламентын засаглал, Үндсэн хуульт ёсыг сурталчлах чиглэлээр урт, богино хугацаанд хамтран ажиллах боломжийн талаар саналаа илэрхийлсэн юм.


УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа хэлэхдээ, “Парламентын судалгааны хүрээлэнг байгуулаад удаагүй ч УИХ-ын гишүүдийг шаардлагатай судалгаа, мэдээллээр хангах томоохон ажлаа хийж байна. Бодлогын судалгаа хийхийн зэрэгцээ тандалтын судалгааны ажлуудаа эхэлсэн. Үүнээс гадна төрөл бүрийн танхимын болон цахим сургалтуудыг зохион байгуулж байна. Саяхан УИХ-ын гишүүдийн болон УИХ дахь бүлгийн ажлын албадын ажилтнуудад зориулсан сургалтыг хийлээ. Цаашид цахим сургалтын хөтөлбөрийг улам боловсронгуй болгоход анхаарч байна. Мөн парламентын засаглалын талаарх залуучуудын боловсролыг нэмэгдүүлэхэд зориулсан нэвтрүүлэг, сургалт, подкаст зэргийг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал, энэ оны сүүлээр хүүхэд, багачуудад зориулсан “Мини парламент” хөтөлбөрийг эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна” гэв.


Азийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Марк Кэйнинг хоёр талын хамтын ажиллагааны цаашдын чиг хандлагыг тодорхойлж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв. Тэрбээр Азийн сангаас бүх нийтийн парламентын боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэсэн контент гаргах, Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой холбоотой судалгаа хийх, парламентын үйл ажиллагааг ил тод болгох зэрэг Монгол Улсад хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хэд хэдэн ажил Парламентын судалгааны хүрээлэнгийн төлөвлөгөөтэй тохирч байгааг хэлээд хамтран ажиллах талаар ярилцав.


Уулзалтын төгсгөлд УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан 11 дүгээр сарын 11, 12-нд болох Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн хүндэтгэлийн ёслолд Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйнингийг оролцохыг урив. Түүнчлэн “Байнгын ажиллагаатай парламент-30” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд АНУ-ын Чикагогийн Их Сургуулийн Олон Улсын эрх зүйн Лео Спитц профессор, ноён Том Гинсбургийг цахимаар оролцож, парламентат ёсны төлөвшилт, өөрчлөлтийн талаар илтгэл тавих урилгыг уламжилж өгөхийг хүслээ.

Холбоотой мэдээ