БНХАУ-ын алтны тогтоогдсон нөөц 14 мянга гаруй тоннд хүрэв

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-10-05 14:34:24

Бээжин /МОНЦАМЭ/. “Өнгөрсөн оны сүүлийн байдлаар Хятад улс даяар алтны тогтоогдсон нөөцийн хэмжээ 14 мянга 131.06 кг-д хүрсэн нь өмнөх оныхоос 492.66 тн-оор буюу 3.61 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Улмаар нөөцийн хэмжээ тав дахь жилдээ дараалан 10 мянган тн-оос дээш гарсан” талаар тус улсын Алтны нийгэмлэгээс гаргасан “Хятадын Алтны тайлан-2020”-д дурдсан байна.

            Хятадад 2012 оноос эхлэн алтны уурхайнууд, тэдгээрийн геологи хайгуулын ажилд оруулсан хөрөнгө оруулалт нэмэгдсэнээс үүдэлтэйгээр мөн оноос өнөөг хүртэл тогтоогдсон нөөцийн хэмжээ тогтвортойгоор өссөн байна. Тухайн үед буюу 2012 онд алтны тогтоогдсон нөөцийн хэмжээ 8196.24 тн байжээ.

            Мөн 2019 онд Хятадын дотоодын алт олборлолтын хэмжээ 380 тн-д хүрсэн нь өмнөх оноос 20.8 тн-оор буюу 5.21 хувиар буурсан үзүүлэлт болсон байна. Гэсэн хэдий ч 2007 оноос эхлэн Хятадын алт олборлолтын хэмжээ 13 дахь жилдээ дараалан дэлхийд тэргүүлжээ.

            Тус тайланг Хятадын Алтны нийгэмлэгээс жил бүр гаргадаг бөгөөд Хятад улсын Алтны салбарын хөгжил, зах зээлийн чиг хандлага, алтны хайгуул, олборлолт, худалдаа, боловсруулалт, борлуулалт, хэрэглээ, хөрөнгө оруулалтын зэрэг мэдээллийг агуулдаг юм.

Холбоотой мэдээ