Шведэд Нобелийн долоо хоног эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-10-05 11:15:13

СТОКХОЛЬМ. /TASS/. Шведийн нийслэл Стокгольм хотноо Нобелийн долоо хоног албан ёсоор эхэллээ. Өнөөдөр физиологи, анагаах ухааны Нобелийн шагналтнуудыг тодруулах бол ирэх өдрүүдэд бусад төрөлд шагналын эзэд тодорно.


Мягмар гарагт физикийн салбарын, лхагва гарагт химийнх, пүрэв гарагт уран зохиолын салбарын Нобелийн хорооны шийдвэрийг зарлах бол баасан гарагт Осло хотноо Энх тайвны Нобелийн шагналтан тодрох юм. 1968 онд Шведийн Төрийн банкны бий болгосон, Алфред Нобелийн нэрэмжит эдийн засгийн салбарын шагналын эзэн энэ сарын 12-ны өдөр тодорно.


Альфред Нобель (1833-1896) гэрээслэлдээ физиологи, анагаах ухааны салбарын шагналтныг сонгон шалгаруулах ажлыг 1810 онд байгуулагдсан, одоо дэлхийн боловсрол, шинжлэх ухааны тэргүүлэх төвүүдийн нэг болох Стокхольм дахь Каролины хүрээлэнд даатгажээ. Тус хүрээлэнгийн дэргэд байгуулсан Нобелийн хороо нь байнгын таван гишүүнтэй бөгөөд зөвлөлдөх үүднээс шинжээчдийг урих эрхтэй байдаг аж.  Нобелийн шагналд нэр дэвшүүлэх эцсийн хугацаа энэ оны нэгдүгээр сарын 31-нд дуусжээ.


Өнгөрсөн оны физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг Америкийн эрдэмтэд болох Уильям Кэлин, Грегг Семенце, мөн Их Британийн эрдэмтэн Петер Ратклифф нар хүртсэн билээ. Тэд бие махбодын хүчилтөрөгчийн түвшин өөрчлөгдөх үед амьд эд эсүүд хэрхэн хариу үйлдэл үзүүлдгийг нээснийхээ төлөө энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн юм.


Нэр дэвшигчид 

Сүүлийн мөч хүртэл Нобелийн хорооноос шагналд нэр дэвшсэн хүмүүсийн тухай, эсвэл нэр дэвшүүлсэн хүмүүсийн талаар мэдээлдэггүй билээ. 


"Clarivate Analytics" компанийн шинжээчид 2002 оноос хойш эрдэмтдийн гаргасан жагсаалтад үндэслэн хэн шагнал авахыг урьдчилан таамагласаар иржээ. Энэ жилийн жагсаалтын "анагаах ухаан" ангилалд хэд хэдэн хүний судалгааг оруулсан байна. Эдгээр хүмүүс бол Америкийн био химич Памела Бьоркман, Жек Стромингер нар юм. Тэд хоёул хүний гисто нийцлийн үндсэн цогцолборын (MHC, major histocompatibility complex, дархлаа ба дархлаа хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг генүүдийн бүл) бүтэц, үйл ажиллагааг судалжээ. Дархлаа судлалын салбарын эдгээр эрдэмтний нээлтүүд эм, вакцин боловсруулахад хувь нэмэр оруулсан байна.


Шагналын эзнээр тодрох магадлалтай хүмүүсийн жагсаалтад ливан гаралтай Америкийн генетикч Худа Зогби багтжээ. Тэрбээр мэдрэлийн сэтгэцийн удамшлын өвчин болох Ретт синдром үүсэхэд хүргэдэг мутацийг X хромосомын бүтэц дээр  олж илрүүлсэн байна. Шагналыг хүртэж магадгүй бас нэг эрдэмтэн бол Японы судлаач Накамура Юсүкэ юм. Энэхүү шилдэг генетикч, хорт хавдар судлаач нь GWAS /Genome wide association study/ буюу олон тооны генетикийн өгөгдөлд дүн шинжилгээ хийх, шинж тэмдгийнх нь дагуу генийн тохирох хувилбаруудыг олдог аргыг боловсруулжээ.


Шведийн шинжээчид мөн энэ жил Макс Планкийн нэрэмжит Биологийн физикийн хүрээлэнгийн эрдэмтэн Эмманюэль Шарпаньте, Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Женнифер Дудна нар "CRISPR-cas9" гэгддэг генийг засах аргыг боловсруулсныхаа төлөө шагтналыг хүртэж магадгүй гэж үзэж байна. Энэхүү аргыг биологи, биотехонолги болон анагаах ухааны салбарт хэдийнэ өргөнөөр ашигладаг болжээ. Мөн Жак Миллер (Австрали), Макс Купер (АНУ) нар физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эзнээр тодрох магадлалтай байна. Тэд лимфоцитын хоёр төрөл болох дархлааны системийн Т ба В эсүүд хэрхэн үүсдэгийг судалжээ. Эрдэмтдийн судалгаа нь дархлал хомсдол, харшил зэрэг өвчнийг эмчлэхэд тус дөхөм болох аж.

1901 оноос Нобелийн шагналыг олгож эхэлснээс хойш хамгийн түрүүнд физиологи, анагаах ухааны салбарын шагналтнуудын нэрсийг тодруулдаг уламжлалтай. Шинжлэх ухааны салбарт судалгаа хийж, хүн төрөлхтний хувьд чухал нээлт хийсэн эрдэмтдэд олгодог хамгийн нэр хүндтэй уг шагналыг 216 хүн хүртсэн байна.



Холбоотой мэдээ