Соёл урлагийн салбарын ахмадуудад хүндэтгэл илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-10-01 16:53:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Соёлын сайд Сулуун соёл, урлагийн салбарын ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл илэрхийллээ.

Уулзалтыг эхэнд Соёлын сайд С.Чулуун “ Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас соёл, урлагийн салбарт онцгой анхаарал хандуулан Соёлын яамыг дахин шинээр эмхлэн байгууллаа. Үндэсний бахархал, өв соёлоо дээдэлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн, дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн төв болно хэмээн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө Соёлын яам хүч чадлаа дайчлан ажиллах бөгөөд соёл, урлагийн байгууллага, нийт албан хаагчид соёлын өв, урлаг уран бүтээлээ хамгаалан хөгжүүлж бүс нутаг, дэлхийн хэмжээнд хүргэхийн төлөө хичээх болно. Зөвхөн дөрвөн жил биш, 40,50 жил оршин тогтнох яамыг байгуулахын төлөө ажиллана. Ард түмнээ соён гэгээрүүлэх, үндэсний өв соёлоо хайрлан хамгаалах, үндэсний хэл соёлоо үр хойчдоо уламжлан үлдээх үйлсэд ахмад буурлууд та бүхний дэмжлэг чухал юм” гэлээ.

Түүнчлэн тэрбээр яамны үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулан, яамны дэргэд ахмадын зөвлөл байгуулж байгаагаа хэлээд, та бүхнийхээ санал санаачилгыг үргэлж сонсож байх болно, хэзээд Соёлын яам та бүхний өмнө нээлттэй байна хэмээв.
Соёлын яаманд ажиллаж байсан ахмадуудын сэтгэгдлийг хүргэж байна.

Соёл урлаг хөгжүүлэх сангийн захирал асан, Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Бямбажав: Маш олон жилийн дараа Соёлын яам байгуулагдлаа. Соёлын яамыг байгуулж өгөөсэй гэж соёл, урлагийн ажилтан бид их хүсэн хүлээж байсан. Олон газар хавчуулагдаж ирсэн. Засгийн газраас Соёлын яам байгуулсанд их баяртай байна. Соёлын яаманд идэр залуу насаа өнгөрүүлж, соёл урлагаа хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан ахмадуудаа Соёлын яамны удирдлагууд хүлээн авч уулзаж байгаад баяртай байна. Энэ Засгийн газрын үед шинэ бүтээн байгуулалтууд их хийх юм байна. “Чингис хаан” музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний Их театрын бүтээн байгуулалтын ажлыг зоригтой шийдэмгий хийж эхэлж байгаад баяртай байна.
Соёлын өв хариуцсан ахлах мэргэжилтэн асан З.Оюунбилэг: Би анх 1992 онд Соёлын яам шинээр байгуулагдахад түүх соёлын дурсгалт газрыг хариуцсан мэргэжилтнээр ажилд орж байлаа. 22 жил ажиллах хугацаанд Соёлын яам маань олон ч удаа өөрчлөлтөд өртөж явсаар эцэстээ Боловсролын яамны жижиг хэлтэс болсон. Гэхдээ өнөөдөр Соёлын яам дахин шинээр байгуулагдсанд маш их баяртай байна. Ямар ч улс орон салбар салбараа хариуцсан яамтай байдаг, Франц улс гэхэд хэлний яамтай байх жишээний. Шинэ яамтай болсон болохоор миний өмнө хийж байсан хөтөлбөрийг дахин хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах үндэсний хөтөлбөр гэж байлаа. 1998 онд бид энэ хөтөлбөрийг боловсруулан 2005 он хүртэл хэрэгжүүлсэн. Уг хөтөлбөрийн хоёр дахь хэсгийг 2008 онд батлуулсан. Мөн 2015 он хүртэл хэрэгжүүлсэн. Харин 2015 оноос БШУЯ-наас уг хөтөлбөрийг шаардлагагүй хэмээн үзсэн. Энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэн хийх ёстой гэж би үздэг. Төрийн залгамж халаа гэж бий. Мэргэжлийн баг гарган, ажлын хэсэг байгуулж өгвөл би залуусдаа нэмэр тус болж зүтгэхэд бэлэн байна.
Соёлын хэлтсийн дарга асан Ц.Жаргалсайхан: Шинэ Засгийн газар маш зоригтой, дөнгөж байгуулагдсан даруйдаа соёл, урлагийн томоохон бүтээн байгуулалт хийн, материаллаг баазаа бэхжүүлж байгаа нь соёлын салбарынхны хувьд сэтгэл тэнийсэн сайхан үйл явдал болж байна. Хамгийн гол нь цаашид тогтвортой байж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх ёстой. Хэн нэгэн дарга солигдоод энэ яамыг хэрэггүй хэмээн үгүй хийдэггүй, аль нэг байгууллагын халаасанд явах учиргүй. Үүний төлөө залуус та бүхэн сайн ажиллана гэж итгэж байна.

Мөн үеэр Соёл овогт Л.Чулуунбаатар “Соёл урлагийн салбарын удирдлагын менежмент, түүний чиг үүрэг”, Л.Эрдэнэчимэг “Монгол ардын дуу” хэмээх өөрсдийн бичиж туурвисан номоо Соёлын сайдад өргөн барив.
Уулзалтад ирсэн ахмадуудын санал санаачилгыг Соёлын яамны удирдлагууд сонсож, цаашдын ажил хөдөлмөртөө тусган ажиллана гэдгээ илэрхийлж байлаа.
Холбоотой мэдээ