Угаарын хийн хордлогын 10 дуудлагаас 2-3 нь хуурамч байдаг

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-10-01 13:59:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Угаарын хийн хордлогын 10 дуудлагаас 2-3 нь хуурамч байна. Архи согтууруулах ундаа хэтрүүлсэн үед бие нь муудаж бөөлжих, даралт нь ихсэхээр угаарын хийнд хордлоо гэж дуудлага өгөх тохиолдол гарч байна. Иймд зарим иргэн хуурамч дуудлага өгч, төрийн байгууллагын ажилд хүндрэл учруулахгүй байх”-ыг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй анхаарууллаа.

Галлагааны улирал эхэлснээс хойш зарим иргэн угаарын хийнд хордсон байдлаар эмнэлэгт хандан, зөвлөгөө авсан бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдол байхгүй аж.

Тэрбээр мөн "Иргэд самар түүхээр ууланд очоод төөрч, дуудлага өгөх нь их байна. Есдүгээр сарын 29-нд гэхэд 30-40 насны гурван иргэн самар түүгээд төөрснийг Онцгой байдлын алба хаагчид шөнийн 24 цагийн орчим олсон. Намрын сэрүү орсон тул иргэд цаг агаарын мэдээллээ харж, орон нутгийг зорих, замд гарахдаа осгож, төөрөхөөс сэргийлэх хэрэгтэй" гэв.

Сайжруулсан шахмал түлш нэвтрүүлэх, галлагааг зөв хийх, утаа мэдрэгчийг суурилуулах, солих ажил үргэлжилж байгаа. “Тавантолгой түлш” компанийн “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-ны хяналтын ажилтнууд айл бүрээр орж зөвлөгөө мэдээлэл өгч, өндөр настан, жирэмсэн эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн янданг хөөлж, пийшин зуухыг засварлаж байна. 

Холбоотой мэдээ