Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жил дархлаажуулалтын 10 хоногийг “Томуугаас сэргийлье” уриан дор орон даяар өнөөдрөөс эхлүүллээ.
Манай улс ДЭМБ-аас хандивласан Бразил улсад үйлдвэрлэсэн томуугийн эсрэг 300 мянган хүн тун вакциныг 9 дүгээр сарын 30-нд хүлээн авчээ. Өмнө нь есдүгээр сарын 28-нд Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр БНСУ-ын Green Cross үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг эхний ээлжийн вакциныг хүлээн авч байв.
Томуугийн эсрэг вакциныг хэн, хаана хийлгэх вэ?
Улаанбаатар хотод:
- 2-9 насны цэцэрлэг, сургуулийн хүүхэд тухайн цэцэрлэг, сургуулийн дархлаажуулалтын түр цэгт
- 6 сартайгаас 9 нас хүртэлх цэцэрлэг, сургуульд хамрагдаагүй хүүхэд, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн харьяа эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетад
Аймгийн төвд:
- 2-5 насны цэцэрлэгийн хүүхэд тухайн цэцэрлэгийн дархлаажуулалтын түр цэгт
- 2-5 насны цэцэрлэгт хамрагдаагүй хүүхэд, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн харьяа эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетад
Дархлаажуулалт хийх хугацаа: 2020 оны 10-р сарын 1-10-ны өдөр
Вакциныг хийхээс өмнө эцэг эх, асран хамгаалагч нарт урьдчилан мэдээлэл өгч, зөвшөөрөл авсны дараа хүүхдэд хийнэ.
Вакцин хийлгэхийн өмнө юу анхаарах вэ?
- Эмчийн үзлэгт орох
- Сайтар унтаж амрах
- Дулаан хувцаслах
-Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх
Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?
- Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
- Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх
- Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх
Вакцины эсрэг заалт:
- Вакцинд хэт мэдрэг хүн
- Өндөг, тахианы гаралтай бүтээгдэхүүнүүд харшилтай хүн
- Сүүлийн 6 сарын дотор таталт, саажилтын хам шинж өгч байсан хүн
-Мэдрэлийн үрэвслийн хам шинжийн үед
- Дархлал дутмагшилтай хүн
- Гормон эмчилгээ болон дархлаа дарангуйлах, дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа хүн
-Хавдрын эмчилгээний цитостатик эм хэрэглэж байгаа хүн