Монголын оюун ухааны академийн салбар Өвөрхангайд салбараа нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-09-30 17:07:17

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монголын Оюун ухааны академийн салбар Өвөрхангай аймагт үүдээ нээж, оюуны хөгжлийн олон талт сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх албан ёсны эрхтэйгээр сургалтын үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Оюуны спорт буюу цээж бодолт, ой тогтоолт, судоку, тааварт бодлого, хурдан уншлага, рубик шоо гэхчлэн арваад төрлөөр тамирчид бэлтгэж, дэлхийд Монголын нэрийг гаргах зорилготой ажилладаг тус байгууллага тус аймагт салбараа нээж буй нь хүүхэд, залуучуудад өөрийгөө хөгжүүлэх томоохон боломжийг өгч байна.

Үүсгэн байгуулсан арван жилийн хугацаанд тамирчдаа Олон улсын 58 тэмцээнд оролцуулж, 90 гаруй цом, мянга гаруй медалийг эх орондоо авчирсан,  дотооддоо 100 удаагийн тэмцээнийг бие даан зохион байгуулсан, дэлхийн дөрвөн улсад салбараа нээсэн гээд ололт, амжилт ихтэй яваагаа Монголын Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар хэлж байлаа. Тэрбээр “Улсын хөгжил хүнээс, хүний хөгжил боловсролоос шууд шалтгаална гэдэг. Оюуны хөгжлийн хөтөлбөрт шамдан суралцаж, монгол хүний оюуны чадамж ямар өндөр болохыг тив дэлхийд харуулах буухиаг Өвөрхангай аймгийн хүүхэд залуус үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна” гэв.

Нээлтийн үеэр “Суралцахуйд суралцах нь” сэдэвт сургалтыг ЕБС-ийн сурагчдад зориулан явууллаа.

Холбоотой мэдээ