ЦАГ ХУГАЦААНЫ ЗӨГНӨЛТ ХОЛБООС

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2020-09-30 12:26:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Бичих зүйлийнхээ эхэнд нэг асуулт тавих зайлшгүй шаардлага гарав. Учир нь энэ асуулт бичих гэж буй зүйлийн минь цөм нь болох юм. Ерөөс уран зураг гэдэг зотон дээр амилуулах зураачийн чадварт хамааралтай юу эсвээс орчин үеийн дүрслэх урлаг үзэгчдийн нүдэнд хэрхэн хүрч, мэдрэгдэж байгаагаар чанар чансаа нь тодорхойлогддог уу? Таныг бодож байх зуур үүнд хариулах гээд үзье.

-Ой санамжийг уудалж үзвэл-


Улс орон, соёл иргэншил, өөрийн туулсан амьдралын түүх бол бидний ой санамж байдаг. Түүнгүйгээр хүний оршихуйд сарнигч хүчин зүйлс л илүүтэй нөлөөлөх болно. Ой санамж дундаас түүхийнхээ үнэнийг, эсвэл бүр худлыг ч ухан гаргах боломжтой нэг зүйл хүн төрөлхтөнд заяагдсан байдаг нь урлаг билээ.


С.Заяасайханы шинэхэн үзэсгэлэн болох “Hidden Identity”-г “Зэрэгцээ ертөнцийн юмс” хэмээн утгачилвал тохирох юм шиг санагдана. Энд тавигдсан 10 гаруй бүтээл зураачийн хамгийн сүүлд туурвисан шилмэл зургууд юм. Зарим бүтээлдээ тэр хоёр жил гаруй хугацааг зарцуулсан гэдгээ нээлтэнд зориулж хэлсэн үгэндээ дурдаж байлаа. Тус үзэсгэлэн нь энэ сарын 26-ны өдөр “Монголын уран зургийн галерей”-д нээлтээ хийсэн.


Үзэсгэлэнд тавигдсан зураг бүр өөрийн гэсэн давтагдашгүй онцлог, харилцан адилгүй шинж чанартай боловч тус тусын оноосон нэр үгүй. Эргэн тойронд буй хананы зургууд хэдийн танил нэгэн шиг болсон атлаа огт танихгүй хүний нүдээр ширтээд байх шиг мэдрэмж төрүүлнэ. Дээл, хувцас, үсний засалт гээд бүхий л хувцасны хэв загвар, нүүр төрх нь XX зууны үеийн монголчууд. Харин тэдний гарт орчин үеийн буу зэвсэг атгаастай, толгойд нь чихэвч хөгжим зүүлттэй байна. Мөнхүү XIII зууны баатар эр хөгжим сонсож, морь болоод дуулга тэргүүтэн нь уруулын үнсэлтээр дүүрчээ. Гэхдээ энэ нь эмэгтэй хүний уруулыг гэхээс илүүтэй уруулын будаг төлөөлж байгаа мэт санагдана. Учир нь үзэсгэлэнд тавигдсан зургууд бүхэлдээ түүхэн цаг хугацааг орчин үеийн хөгжилтэй холбосон зураачийн эрэлхийлэл, оюуны нэгэн цогц санаа юм. Тиймдээ ч зургууд нь хооронд нягт хамаарал, давтагдмал шинж төрхтэй байгаа мэт мэдрэмжийг үзэгчдэд төрүүлнэ.


Аливаа ном, хөгжим, уран зураг ялгаагүй. Тэд бүрэн нийлмэл, нэгэн цогц утгад зангидагдаж, тухайн сэдэвтэйгээ уялдаж байж л аливаа нэг “утга санаа”-г бүрэн дүүрэн илэрхийлдэг билээ.


-Сентименталь өнгөний хүүрнэл-




Үзэсгэлэнг бүхэлд нь цэнхэр, хар хөх өнгөөр тодорхойлж болно. Учир нь зураг болгонд тус өнгөний нийлэгжилт бусдаасаа илүүтэйгээр туссан нь хэн бүхэнд илхэн. Тиймээс л оюун санаанд чинь энэ өнгө зургийн хэлийг хэрхэн өгүүлж байна гэдгийг ойлгох нь хамгаас чухал. Түүнээс бус илэрхийлэх утгынх нь гол чанарыг үзэгчид гүнд нь хүртэл ухаж ойлгохгүй. Угаас С.Заяасайхан зураач хүмүүсийн зүүд зөн, түүхэн ой санамжийн зургуудаа өнгөний этгээд зохиомжоор бүтээдэг билээ. Хурц тод өнгөнөөс бараан руу, бараан зурааснаас тод хурц дүрслэл рүү хийсэн нүүдэл нь өөр, өөр утга санааг дотроо агуулж байх шиг санагддаг.


Нөгөөтэйгүүр далд шинж чанар, зэрэгцээ ертөнцийн хэлийг бид түүний үзэсгэлэнд тавигдсан зургуудын хар хөх өнгөний сентименталь маягийн хүүрнэл, бараан метафизик дундаас л анзаарч болно. Түүхэн цаг хугацааны шилжилтийг өнгөрсөн зууны хүмүүсийн өөр, өөр харцны гүнд тусгахдаа ч тэр гаргуун сайн зураач гэдгээ дахин нэг баталлаа. Өнгөрсөн цагийн сүүмгэр манан дундаас олон нүд чамайг ширтээд байвал яах вэ? Яг л зэрэгцээ ертөнцөд оччихсон шиг мэдрэмж төрөх нь лавтай.    

Дараагийн онцлох нэг бүтээл нь буддагийн дүрс бүхий контемпорари арт. Буддагийн дүрс гэдэг нь үзэгчдэд тодорхой харагдах ч тэдэнд нүд хөмсөг, уруул ам гэж үгүй. Харин оронд нь социалист үеийн монголчуудын хэрэглэж асан энгэрийн тэмдэг, V, VI таван жилийн гавшгайч гэх мэт одон медалиудыг зай завсаргүй зүүж дүүргэжээ. Сайнтай, муутай нь бүгд л туулж өнгөрүүлсэн амьдралаа эргэн нэг харах шиг... Бидний бичиж үлдээсэн түүх, туучаад өнгөрсөн зам бүхэн энд бий. Харин бусдыг нь бурхан л зөвхөн шүүн тунгаах болов уу.


Зураачийн аав Самбуу нь зураг их сайхан зурдаг байсан учир нэг л өдөр аав шигээ гоё зураг зурмаар санагдаж бийр цаас нийлүүлсэн гэдэг. Тэрээр Цагаан дарь эх бурхныг ихэд хичээнгүйлэн шөнөжингөө зурж дуусгачихаад аавынхаа нүдэнд харагдахаар газар тавьчихаад унтав. Өглөө болоход аав нь “Миний хүү зураач болчихжээ” гэж хэлсэн бөгөөд тэдгээр үгс одоог хүртэл дурсамж дотор нь амьд оршдог тухай дурсан ярьсан байдаг. Цаг хугацааны хүүрнэл, ой санамж дотор ийнхүү амьдарсаар л байвал өөрт чинь зориулагдсан жинхэнэ далд ертөнц тэр байх болно.


Энэ бүгдээс үзэхэд орчин үеийн дүрслэх урлаг бийрийн уран нарийн, зураачийн чадвараас гадна хувь хүний сэтгэлгээ, шинэ эрэлхийлэл, үзэгчдийн нүдэнд хэрхэн мэдрэгдэж байгаагаар тодорхойлогдох болсон шиг санагдана. Асуултынхаа хариултыг харин бүрэн дүүрэн олж авсан гэдэгт уншигч танд эргэлзээтэй санагдаж байгаа биз. Тэгвэл “Монголын уран зургийн галерей”-г зориоход хангалттай. Харин би бол нийтлэлийн эхэнд тавьсан асуултынхаа хариуг хэдийн олчихсон. 

Холбоотой мэдээ