Баталгаагүй тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг анхааруулав

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-09-30 14:35:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэд, зорчигчид баталгаагүй тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг Авто тээрийн үндэсний төвөөс анхаарууллаа. 

Авто тээврийн төв, Замын цагдаагийн хяналтын 21 аймгийн постод эргүүл гаргаж, Төв аймгийн Лүн сум, Өлзийт пост, 61-р гарам дээр 9 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 5 хүртэлх хугацаанд авто тээврийн хяналт шалгалт хийж байна. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй, гэрээгүй, гэрээний хугацаа дууссан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгслээр үйлчлэхгүй байх, сэлгэн суулгах, зорчигчдод техникийн шаардлага хангаагүй, үзлэг оношилгоонд хамрагдаагүй, зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслээр зорчихын хор уршгийн талаар яриа хийж байна. Энэ нь улс, хот хоорондын авто замд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчдыг зам тээврийн гэмт хэрэг, осолд орохоос урьдчилан сэргийлэх, нийтийн зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Авто тээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, бусад холбогдох хууль, тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх зорилготой. 

Авто тээврээр 2019 онд давхардсан тоогоор 168,44 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оныхоос 24.56 сая буюу 12.7 хувиар цөөрсөн үзүүлэлт юм.

Холбоотой мэдээ