"Багануур" ХК, ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2020-09-29 14:55:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Багануур" ХК, ШУТИС хамтран ажиллах санамж бичигт өчигдөр буюу энэ сарын 28-нд гарын үсэг зурлаа.


Санамж бичгийн хүрээнд "Багануур" ХК-ийн хүний нөөцийг чадавхижуулах, мэргэшүүлэх сургалт хийж, ШУТИС-ийн оюутнуудыг туршилт судалгааны ажилд татан оролцуулна гэдгийг ШУТИС-ын Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор, дэд профессор Т.Намнан хэлж байна. 


"Багануур" ХК-ийн тэргүүн дэд захирал Д.Түвшинжаргал хэлэхдээ, тус компанид шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн дамжлага, үйл ажиллагааны зардлыг бууруулан, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэдгийг онцлов. Мөн тус компанийн ажилтнуудын хүүхдүүдээс сайн суралцаж буй үнэлгээний голч өндөртэй төгсөж буй хүүхдүүдийг тэтгэлэгт хамруулах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.


“Алсын хараа-2050”  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан судалгаа хөгжүүлэлт, шинжлэх ухаан- үйлдвэрлэл бизнесийн түншлэлийн таатай орчин бүрдүүлэх,  ШУТИС 2020-2021 оны хичээлийн жилийг дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх жил болгон зарласантай холбогдуулан ийнхүү 2 тал хамтран ажиллахаар боллоо. 


"Багануур" ХК-ий инженер техникийн ажилтнуудын 70 гаруй хувь нь ШУТИС төгссөн байдаг. Энэ ч утгаараа эртнээс хамтын ажиллагаатай байсан хоёр байгууллагын хамтын ажиллагаа өнөөдрийн үйл явдлаар улам бэхжиж байна.

Холбоотой мэдээ