Дэлгэрхаан суманд арьс, нэхий боловсруулах үйлдвэр ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-10-11 16:48:20

Хэнтий /МОНЦАМЭ/ Байгальд ээлтэй технологиор хурга, ямааны арьс, хонины нэхий боловсруулах эко-үйлдвэр байгуулах төслийг Дэлгэрхаан суманд хэрэгжүүлж эхэлжээ.

Тус сумын Байгалийн нөөцийн хамтын менежмент /БНХМ/-ийн Аварга Дэлгэрхаан нөхөрлөлүүдийн холбоо ТББ сумынхаа нийт нөхөрлөлүүдийн хамтын оролцоотойгоор уг ажлыг санаачилжээ. 

Уг төслийн хүрээнд TNC байгууллагын дэмжлэгтэйгээр үйлдвэрийн байрыг тохижуулж, тоног төхөөрөмжүүдийг суурилуулан Монгол Улсын стандарт, мэргэжлийн хяналтын байгууллагын бүх шаардлагыг хангаж, зохих зөвшөөрлөө аван энэ сараас ажиллаж эхлээд байна. Үйлдвэрийн дээж бүтээгдэхүүн өнгөрсөн сарын 15-наас гарч эхэлсэн бөгөөд нэгж бүтээгдэхүүнийг боловсруулах хугацаа 5-7 хоног юм. Мөн иргэдийн хурга, ишиг, хонь, ямааны арьс нэхийг тодорхой үнэ төлбөртэйгөөр элдэж өгөх үйлчилгээг үзүүлж байна. Түүнчлэн үнэгүйдэж хаягдаад байгаа хонины нэхийг худалдан авч боловсруулан нэмүү өртөг шингээн зах зээлд борлуулах юм. Цаашид үйлдвэрийн дэргэд жижиг оёдлын цех нээн ажиллуулж, хурганы арьс, хонины нэхийгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж орон нутгийн зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй байна.

Энэ үйлдвэр малчдын мөнгөн орлого болон орлогын төрлийг нэмэгдүүлэх, байгаль хамгааллын үйл ажиллагааны санхүүжилтыг бий болгох зорилготой ажиллаж байна. Үйлдвэрлэлийн ашгийн 30 хувийг сумын БНХМ-ийн нөхөрлөлүүдийн байгалийн нөөцийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд, 30 хувийг нөхөрлөлийн гишүүдийн амьжиргааг дэмжихэд зарцуулах аж.

Ташрамд дурдахад, Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл гэдэг нь малчид өөрсдийн нутаг усандаа эзэн нь байх эрхзүйн өндөр чадамжтай зохион байгуулалтын хэлбэр аж.

Дэлгэрхаан сумын БНХМ-ийн нөхөрлөлийн гишүүд, малчид энэхүү үйлдвэрийн үйл ажиллагааг ихэд дэмжиж байгаа бөгөөд бүгд нэгэн зорилготойгоор, хамтын хүчээр үйлдвэрээ ажиллуулж эхэлсэн байна.

Аймгийн нийт малчид иргэд та бүхэн Дэлгэрхаан сумын БНХМ-ийн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжиж эко үйлдвэрийн аргаар арьс нэхийгээ элдүүлэхийг хүсвэл Дэлгэрхаан сумын Нөхөрлөлүүдийн холбоотой холбогдоорой. Холбогдох утасны дугаар: 98660578, 88692120

 

           

 

Холбоотой мэдээ