О.Алтанпүрэв: Кик бокс олон оронд зарим олимпын төрлөөс илүү хөгжсөн

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-28 14:18:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Социалист нийгмийн Монгол Улсад хаалттай байсан кик боксын спортыг монголчууд 1990-ээд оноос л анх танилцаж, хүүхэд залуус сонирхон хичээллэх болсон юм.


1992 онд тухайн үеийн залуучууд спортын хорооны дэргэдэх Спорт сургалтын төв /ССТ/-д Монгол Улсын гавьяат дасгалжуулагч /бокс/ Б.Мишигдорж, залуу тулаанч О.Алтанпүрэв нар кик боксын анхны клуб байгуулж мэргэжлийн дасгалжуулагчийн удирдлага дор хүүхэд залуус хичээллэж эхэлжээ. Улмаар Монголын кик бокс сонирхогчдын холбоо /МКБСХ/-г албан ёсоор 1992 онд байгуулсан түүхтэй. Монгол Улсын аварга шалгаруулах кик боксын тэмцээн 1999 оноос өнөөг хүртэл тасралтгүй болж, 2012 онд МБАТ-ний спортын XIII наадмын албан ёсны хөтөлбөрт кикбокс орсон.


Мөн 2004 онд Монгол улсын цол зэргийн нэгдсэн ангилалд багтаж 2002, 2003 онд олон улсын тэмцээнийг өөрийн эх оронд амжилттай зохион байгуулсан. Тус холбоо 10 гаруй аймагт салбар зөвлөлтэй, хот хөдөөгийн клубүүдэд 3000 гаруй хүүхэд энэ спортоор хичээллэж байна.


МКБСХ нь Дэлхийн кикбоксын холбоонд 1999 онд гишүүнээр элсэж, 1999 оноос ДАШТ-д, 2002 оноос дэлхийн цомын АШТ-д, 2005 оноос Азийн наадамд, 2013 оноос Дэлхийн тулааны спортын наадмуудад оролцож олон арван шилдэг тамирчин төрөн гарсан билээ. Тэдний дундаас кик боксын Монгол Улсын анхны олон улсын хэмжээний мастер, ДАШТ-ний анхны хүрэл медальт /2001/, Монголын кик боксчдоос дэлхийн аварга цол /2003 он/-ыг анхлан хүртсэн тамирчин бол Очирбатын Алтанпүрэв юм.



Монголдоо кик боксын спортыг хөгжүүлэхэд 30 гаруй жил зүтгэж, олон арван шавь төрүүлж үнэтэй хувь нэмэр оруулж яваа МКБСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Алтанпүрэвтэй хийсэн ярилцлаа.


-Та тулааны урлагуудаас анх боксын спортоор хичээллэж эхэлсэн үү?


-Яг боксын спортоор хичээллээгүй, би 1986 оноос л тулааны спортоор хичээллэсэн. 1980 оны эхэн үед нийгэм хаагдмал байлаа. Харин зарим социалист орон нэлээд нээлттэй болж байсан үе. Тухайлбал, зүүн Герман, Чехословак, Унгар, Югослав, Польш зэрэг улс байна. Тэнд суралцаж байсан манай оюутан залуус чадлынхаа хэрээр барууны орнуудын талаарх мэдээллийг Монголдоо танилцуулдаг байсан. Тухайн үеийн хөрөнгөтөн хэмээгддэг барууны ертөнцөд 1970-1980-аад оноос тулааны урлаг, тулааны спорт түгэж дэлхий даяар хүүхэд залуусын сонирхлыг татаж байлаа. Ялангуяа кино урлагт шинэ төрөл жанр орж ирсэн нь тулааны урлагийн тухай кинонууд байсан. Америкт Чак Норрис гэдэг жигтэйхэн мундаг зодолддог тулаанч гарч ирсэн бол, Хонконгод Брюс Ли гэж хүн тодорч байлаа. Хятадын Шаолин гэж сүм хийдийн тулаанч лам нар нисдэг, хуруугаараа хана цоолдог гэх мэт олон мэдээллийг бидний үеийнхэн сонсож байлаа.



1983 онд “Хонгилдоон” гэж хойд Солонгосын уран сайхны кино Улаанбаатарт гарч тухайн үедээ хүүхэд залуусыг жинхэнэ шуугиулж байлаа. Одоо үеийнхээр жинхэнэ Блок бастер болж, жинхэнэ хит болсон кино юм даа. Тэдгээр кинонд өмнө нь бүх хүмүүсийн огт хараагүй төрөл жанрууд гардаг.



Тэр нинжа нар нисдэг, харайдаг, өшиглөдөг, маш чимээгүй явж чаддаг, янз бүрийн зэр зэмсэг эзэмшдэг тийм гайхалтай хүмүүсийг тухайн үед хүүхэд залуус яагаад сонирхох болов! Тийм ээ, аливаа нэг зүйлийг, сонин, содон мэдээллийг хааж, боох тусам л хүн сонирхдог шүү дээ. Тэр үед хүүхэд, залуусыг барууны болон хөрөнгөтөн орны тулааны спортоор хичээллэхийг хориглодог байсан. Тухайн үеийн Нийгмийг аюулаас хамгаалах яам /НАХЯ/-ны хяналтад ийм тулаанаар хичээллэдэг хүмүүс нь бүртгэлтэй байсан юм билээ.

Харин нийгэмд өөрчлөлт, шинэчлэлт хийе гэж ярих болсноор 1985-1986 оны үеэс л хяналт бага багаар суларч эхэлсэн. Хяналт сулрахаар бидэнд ямар боломж олдсон гэхээр нөгөө гадаадын орнуудаас авчирсан оюутнуудын сэтгүүлийг үзэж харах нь нээлттэй болсон. Тэгээд л гадаад орнуудын тулааны урлагийн олон төрөл, хувилбарыг үзэх, сонирхолтой хүүхэд залуус бий боллоо. 1990-ээд оноос урд хөршөөс нөгөө нисдэг хүмүүсийн тухай, Шаолины  лам нарын тухай ч мэдээлэл нээлттэй болсон. Ер нь, 1980-1990-ээд оны хүүхэд, залуус бүгд л тулааны урлагийг сонирхдог байжээ. 

Харин миний хувьд тэднээс ямар ялгаатай байв гэвэл, тулааны урлагтаа их үнэнч байж өнөөдрийг хүрсэн хүн. Залуус нэг хэсэг сонирхож хичээллээд л орхисон. Харин би тууштай явсан. Би 1986 оноос хойш тулааны спортоор хичээллэх болсон. Ингээд 1989 онд бүр социализмын үед хэсэг нөхдийн хамт Монголын Жэт Кун Догийн холбоог анхлан байгуулсан. Бидний олон залуус нийлж дотроосоо илүү ур чадвар сайтай нэгнийгээ мастер багшаар тодруулсан юм. Тухайн үед 8-9 мастер багш байсны нэг нь би болсон юм. Өөрөө залуу хүүхэд мөртлөө, бусдаасаа ур чадвараараа ялгарч байсан гэж хэлж болох байх. Тийм учраас л өнөөдөр мастер багш гэсэн өргөмжлөлтэй явж байна. Тэгээд Монголын Жэт Кун Догийн холбоонд ажиллаж, хажуугаар нь тулааны спортыг судалж байлаа.


-Та Спортын төв ордны дэргэдэх Спорт сургалтын төв /ССТ/-д боксын өсвөр, залуучуудын шигшээ багт гавьяат Д.Мишигдорж багшийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан. Энэ үеэс л тулааны спортыг хөгжүүлж эхэлсэн үү?


-Монголд ардчилал гарсан 1990 онд Засгийн газрын дэргэд Залуучуудын спортын хороо/ЗСХ/-ны Спорт сургалтын төв гэж  байсан. Энэ төв мэргэжлийн багш нарын удирдлага дор улсын шигшээ багт тамирчдын залгамж халааг шинжлэх ухааны үндэстэй бага наснаас нь системтэй дасгалжуулж, өндөр зэрэгтэй тамирчид төрүүлэх зорилготой байв. Тухайн үед тус төвд хүндийн өргөлт, ширээний теннис, гимнастик, бокс гээд өөр өөрийн заалттай. 1991 онд боксын өсвөр, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Мишигдорж багш ажиллаж байсан юм. Тэр үед намайг Мишигээ багшийн туслах дасгалжуулагчаар ЗСХ-ноос томилсон. Хоёр зорилготой. Дан ганц бокс биш. Тухайн үедээ энэ хороо бас юм сэдэж байсан хэрэг. Нийгмийн шилжилтийн хүрээнд яг юу хийхээ сайн мэдэхгүй ч ЗСХ-ноос нэг зорилго тавьсан. Тэр нь дан ганц боксоор хичээллэх бус тулааны спортын олон төрөл байдаг юм байна. Кик бокс, Тайландын Муатай бокс гэх зэрэг. Тиймээс боксын материаллаг бааз, боловсон хүчнийг түшиглээд бусад тулааны төрлийг хөгжүүлье гэсэн шийдвэрт хүрсэн юм билээ. Энэ бол шинэлэг санаа байсан. Би бас өнөөдөр ингэж л боддог хүн. Тухайн үеийн удирдлагууд ухаантай хүмүүс байж. Тэдний дунд миний ах Ойдовын Эрдэнэ-Өлзий гэж байсан. Засгийн газрын дэргэдэх ЗСХ-ны хэлтсийн даргын алба хашиж байлаа.



Мишигдорж багшийн хувьд маш алсыг харсан гайхалтай бодолтой, туршлагатай, оюун эрдэмтэй, гавьяатай хүн. Энэ багшийн тэмдэглэлийг би уншиж байсан. Тэрбээр, "Ирээдүйд дан ганц боксоор явахгүй. Хүүхдүүдийн сонирхлын дагуу бусад боксыг хөгжүүлэх, ялангуяа кик бокс, муатай боксыг хөгжүүлэх нь Засгийн газрын бодлоготой нийцэж байна. Иймээс энэ материаллаг баазыг ашиглаад өөр анги нээх, өөр цагуудад өөр танхим гаргах. Үүний тулд мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах" гэж бичсэн байдаг.  Би боксын залуучуудын шигшээ багт туслах дасгалжуулагчийн орон тоонд ажиллаж байсан ч оройн цагаар Монголын анхны кик болон тай боксын багаа байгуулж 1992 оноос удирдах болсон. Энэ үеэс Монголын кик боксын үндсэн суурь эхэлсэн. Тэгэхээр дан ганц би ч биш төрийн болон мэргэжилтнүүдийн оролцоотой мэргэжлийн багш нарын удирдлага дор анхны багийг удирдаж суурийг зөв тавьсан гэж би боддог.


-Гавьяат дасгалжуулагч Д.Мишигдорж багштай хамтран ажиллаж, бас шавь нь байсан. Энэ талаар дурсана уу?


-Тухайн үед туслах дасгалжуулагчаар очиход би 19-хөн настай байсан. Мэдээж энэ бол спортын ид амжилт гаргадаг нас шүү дээ. Мишигээ багш намайг дасгалжуулж, залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд орж байлаа. Тэгэхээр яах аргагүй Мишигдорж багш миний дасгалжуулагч. Бас багш, хүмүүжүүлэгч төдийгүй үнэхээр дотно хамтран зүтгэгч, зөвлөгч минь байсан.


-Кик боксын спортоор хичээллэж, 2003 онд дэлхийн аварга болсон. Тамирчин үеэ дурсвал?


-Би үүнийг ярихаас илүүтэй хүний үнэ цэнэ гэж юу болох талаар өөрийн бодлыг хэлмээр байна. Миний үнэ цэнэ яг өөрийнхөөрөө явах. Харыг харж халирахгүй, улааныг харж урвахгүй, наймаа хөөсөн хүмүүсийг хараад гүйж очихгүй, хог түүвэл араас нь дагаад хог түүхгүй, өөрийнхөөрөө байх. Энэ бол миний үнэ цэнэ юм. Тулааны спорттой нөхөрлөсөн 30 гаруй жилээ эргэн харахад өөрийгөө асар үнэ цэнэтэй амьдарч чадсан гэж боддог. Одоо ч ингэж амьдарч байгаа. Бага наснаасаа сонирхож сонгосон тулааны энэ төрлийг хөгжүүлээд, хувь нэмэр оруулаад явж байна. Энэ миний үнэ цэнэ. Миний үнэ цэнэ бол Монголын кик боксын түүх гэж хэлж болно. Анхны баг байгуулж удирдсан, тэр ханаар дүүрэн миний оролцсон тэмцээний мандатууд байна. Монгол Улсынхаа шигшээ багийг удирдан, дасгалжуулаад 14 удаа ДАШТ-д оролцжээ. Монголын кик бокс сонирхогчдын холбоо нь Монголын үндэсний олимпын хорооны гишүүн төдийгүй Азийн олимпын зөвлөлд хүлээн зөвшөөрөгдөж Азийн наадмуудад амжилттай оролцох болсон. Азийн наадамд 5 удаа Монголын багаа удирдан дасгалжуулж оролцжээ. Цаашдаа ч удирдаад явна.

Энэ бүхэн миний  хувьд рекорд амжилт, бахархал минь юм даа.



-Та кик бокс, муатай боксын дасгалжуулагчаар ажиллаад олон арван шавь төрүүлсэн. Тулааны спортоор хичээллэхэд бие бялдрын өв тэгш хөгжлөөс гадна зөв хүмүүжил, төлөвшил олж авдаг гэдэг?


-Кик бокс олимпын бус төрөл гэдгээрээ Монголдоо нэр хүнд нь сулардаг талтай. Энэ бол хүмүүсийн сэтгэхүй л тийм байгаа хэрэг. Боолын нийгэмд мэсчин боолууд нэг нэгнийгээ алахад колизей /амфитеатр/-д цугласан ромчууд баярлан хөөрдөг байсан. Энэ бол боолын нийгмийн сэтгэлгээ. Бид 21 дүгээр зуун технологийн эрин зуун гэж бичиж амьдарч байгаа ч ийм л сэтгэхүйтэй байна. Үүнтэй адил манай нийгэм ч спортыг ялгаад байдаг. Миний бодлоор энэ бол боловсрол бага, ном уншихгүй байгаатай холбоотой. Монголд спорт хөгжинө гэдэг олимпоос медаль авахдаа биш, харин Дэнжийн 1000-ын хүүхэд спортоор хичээллэж байгааг л хэлнэ. Төвөөс алс сум, дүүрэгт байгаа хүүхдийг өв тэгш, зөв хүмүүжилтэй болгох, үүний л төлөө зорьж ажиллах нь биеийн тамир спортын салбарын үүрэг.


-Кик боксын хөгжил олон улсад болон Монголд ямар түвшинд хүрээд байна вэ?


Дэлхий даяарчлагдаад мэдээлэл маш хурдан тархдаг болсон. Ямар ч спорт дэлхий даяар жигд хөгжиж байна. Кик боксын спорт гэхэд олон улсад зарим олимпын төрлөөс өндөр хөгжсөн байгаа. Өвлийн зарим спортын төрлүүдэд 14-хэн орон оролцож байна. Харин кик боксын ДАШТ-д 135 орон оролцож байх жишээтэй. Үүнийг манайхан ойлгодоггүй, ойлгуулах ч шаардлагагүй.



-Та англи хэл сайн эзэмшсэн болохоор холбооны гадаад харилцаа хамтын ажиллагаагаа өөрөө аваад явдаг юм билээ. Энэ спортын гадаад харилцаа ямар байх ёстой гэж та үздэг вэ?


-Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг бол тухайн холбооны мэргэжилтэн байх ёстой. Нэг үйлдвэрт мэргэжилтэн байхгүй бол яаж сайн бүтээгдэхүүн гаргах билээ. Тэгэхээр ямар ч салбарт миний л хувьд мэргэжилтэн хамгийн чухал. Холбооны мэргэжилтэн тухайн спортын хувьд юу боловсруулах ёстой гэвэл ирээдүйд яаж хөгжих үү гэдэг бодлогыг нь тодорхойлох ёстой. Монголдоо тохирсон бодлого, хөтөлбөртэй байж спортоо хөгжүүлнэ. Гадаад харилцааны талаар ерөнхий нарийн бичгийн дарга нар, олон улсын холбоодод хандаж манайд туслаач л гээд байдаг. Монгол Улс тийм гуйлга гуйгаад байх улс биш. Монгол Улс маш өвөрмөц замаар явж байгаа, өвөрмөц уламжлал, өвөрмөц бие бялдрын хөгжилтэй ард түмэн. Энэ өвөрмөц онцлогт таарсан мэдээлэл, бодлогыг олон улсад гаргаж тавих ёстой. Бас амжилтаараа үзүүлэх ёстой.


-Гадаадад олон тэмцээнд явдаг. Зардал мөнгөний асуудлаа хэрхэн шийдвэрлэж байна вэ?


Улсаас би зардал авч үзээгүй. Бүх зүйлийг өөрөө л зохицуулсаар ирсэн. Бид боломжоо ашиглавал боломж байнга л байдаг юм.


-Та холбооныхоо гол ноён нуруу нь болж чиглүүлэн амжилт гаргаад байгаагийн нууц юу байна вэ?


-Спорт гэдэг бол шинжлэх ухааны үндэслэлтэй, олон жилийн хугацаанд тасралтгүй хөгжиж бий болгосон арга зүйгээр сургадаг олон улсын хэмжээнд өндөр хөгжсөн, хүнийг хөгжүүлэхийн төлөө ажилладаг салбар юм. Түүнээс хоёр хүн зодолдуулаад, нэгнийхээ хамрыг хугалаад ялсан тал нь талархан баясахыг спорт гэхгүй. Миний хувьд хошигноод хэлэхэд таван хүний ажлыг нэг зэрэг хийж байна. Нэгд, хүүхдүүдтэй ажиллаж байна. Хоёрт, өндөр зэрэгтэй тамирчидтай ажилладаг. Уг нь тэднийг тус тусад өөр багш дасгалжуулах ёстой. Холбооны менежер, гадаад харилцааны атташе, ерөнхий нарийн бичгийн дарга бас орчуулагч гээд 5 хүний ажлыг ганцаараа хийгээд л явж байна. Гэхдээ яагаад болохгүй гэж. Хүний мөн чанар бол туйлбартай тэвчээртэй байх хэрэгтэй. Үнэ цэнэтэй өөрийнхөөрөө л байхыг эрхэмлэдэг. Шавь нар, хүүхдүүд хараг л дээ. Тэр ч байтугай би цэвэрлэгч хийж байгаа.



-Монголд спортыг яаж хөгжүүлбэл зохистой вэ?


-Шилдэг тамирчдын залгамж халааг эртнээс сонгон бүрдүүлж байх, орон зайг нь нөхөх үүднээс аймаг, дүүрэгт хүүхдийн спортын сургуулийг олноор  байгуулах, спортын клуб болон дугуйлангийн сургалтыг дэмжих хэрэгтэй. Мөн өндөр зэрэглэлтэй тамирчдыг дэс дараалалтай бэлтгэх арга зүй, технологийг өөрчлөн боловсруулах, судалгааны үр дүнг үндэслэн ажиллуулах нь чухал.

Спортын нэгдсэн сургалтын стандартыг боловсруулан хэрэгжүүлэх, дотоодын болон Монголд зохион байгуулах олон улсын тэмцээний хэлбэрийг өөрчлөн, ашигтай зохион байгуулж, үр өгөөжийг нэмэгдүүлснээр бидний спортын амжилт ахин дээшилнэ. Эдгээр ажлыг цогцоор нь шийдэн, хэрэгжүүлбэл Монголын тамирчдын 2024, 2028 оны наадамд олимпын наадамд үзүүлэх амжилт ахиж, тогтворжих нөхцөл бүрдэнэ. Ингэж чадахгүй бол их спортын амжилт нь өсөлтгүй болж, уналт, сэргэлт хослон тогтворгүй байх төлөв ажиглагдаж байна. Спортыг хөгжүүлнэ гэдэг заавал тив дэлхийгээс медаль авахдаа бус спортоор дамжуулж залуу үеэ эрч хүчтэй эрүүл чийрэг, зөв дэглэм ,ёс суртахуунтай болгон нийгэмдээ зөв хүмүүсийг олноор бэлтгэхэд оршино гэж боддог.


                                                                                                                                                                                 Э.Ариунзул

Холбоотой мэдээ