“Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламж” ашиглалтад орсноор 10 орчим үйлдвэр байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-28 08:16:20

Ховд/МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар 21 аймгаас зөвхөн хоёр аймагт Үйлдвэр технологийн парк байгуулах тусгай зөвшөөрөл олгосон. Үүний нэг нь Ховд аймаг юм

Үүний дагуу Баруун бүсийн аймгуудын малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэр технологийн парктай болохын тулд Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхлүүлжээ. Одоогийн байдлаар тус барилгын ажил дуусч, тоног төхөөрөмж угсралт 80 хувьтай үргэлжилж байна.

Хоногт 1500 м.куб хром сульфиттай бохир усыг цэвэршүүлэх хүчин чадалтай “Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламж” ашиглалтад орсноор ноос ноолуур, арьс шир, малын гаралтай дайвар бүтээгдэхүүн, мах, сүү, яс, тос боловсруулах 10 орчим үйлдвэр шинээр байгуулах боломж бүрдэнэ.

Ингэснээр Ховд аймгийн иргэд жилд 30 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, босоо тэнхлэгийн авто замыг түшиглэн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хөрш зэргэлдээх орны зах зээлд нийлүүлэх боломжтой болно гэж албаныхан үзэж байна.

Улмаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бизнесийн таатай орчныг бүрдүүлэхэд төр засгаас онцгой анхаарч, бизнес эрхлэгчдийг газар болон үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлж, аж ахуйн нэгжийн албан татварыг нэг хувиар төлөх зохицуулалтыг хийсэн. 

Мөн орон нутгийн зүгээс байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, ерөнхий төлөвлөлт хийлгэж, 100 га газрын асуудлыг шийдэж, хашаа татаад байна.

Энэ сарын 27-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй албаны хүмүүс тус бүтээн байгуулалтын ажилтай танилцав. Энэ үеэр үйлдвэр технологийн паркийн дэд бүтцийн ажилд шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэж өгөх хүсэлтийг уламжиллаа.

Холбоотой мэдээ