Дорнодын музей 3 баавгайн чихмэлээр баяжив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-05-19 17:32:05

Олон улсын Музейн өдрөөр Дорнод аймгийн музейн үзмэр 3 баавгайн чихмэлээр баяжлаа. Өнгөрөгч нэгдүгээр сард Хавирга-Ар хашаатын хилээр баавгайн арьсыг хууль бусаар гаргахыг завдсаныг гаальчид илрүүлж, холбогдох газар болох аймгийн Байгаль орчны газарт хүлээлгэн өгсөн юм.

Баавгайн арьсыг авсан музейн хамт олон амьдаас ялгагдахааргүй чихмэл хийж тавьсан нь бяцхан хүүхдүүдийн сонирхлыг ихэд татаж байлаа.

1950 онд байгуулагдсан тус аймгийн музей Халхын Сэцэн хан аймгийн үеэс өнөөгийн Дорнод нутгийн түүх, соёл, үндэстэн ястны зан заншил, ололт амжилтыг харуулсан олон үзмэртэйгээрээ онцлог.  Түүх угсаатны зүйн, Байгалийн түүхийн музей, Халхголын Ялалт музей салбар, Уран зургийн галлерей гэсэн 4 хэсэгтэй.

Тавдугаар сарын 18-ны өдөр тохиосон олон улсын музейн өдрийг аймгийн музейн хамт олон хөрш зэргэлдээ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууны “Номун хаан” музейн хамт олонтой хамтран тэмдэглэлээ.

Олон улсын музейн өдрийг манай улсад 2003 оноос эхлэн тэмдэглэх болжээ.

Харин баавгайн арь хууль бусаар хилээр гаргах гэсэн хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Нэн ховордсон ан амьтан гэдгээрээ ялын хэмжээ чанга гэдгийг ч хуулийнхан хэлж байсан.

Өмнө нь хил гаалиар чоно, туулай зэрэг амьтныг бүтнээр нь болон мах, арьс, соёог нь гаргахыг завдсан хэрэг гарч байснаас биш бүхэл бүтэн том баавгайн арьсыг нэг дор олноор нь гаргахыг завдсан хэрэг гарч байгаагүйг холбогдох байгууллагынхан баталж байна.

Б.Туяа

 

 

Холбоотой мэдээ