"Хаадын нийслэл-Хархорум" үзэсгэлэнг ирэх сарын 19 хүртэл дэлгэнэ

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2020-09-24 15:40:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол  Улс дахь хамгийн эртний Бурхны шашны хийд Эрдэнэ зуу хийдтэй холбоотой ном судар өнөө бидний үеийг хүртэл хадгалагдан ирсэн байна. Уг судрууд дээр дарсан номын тэмдгүүдийн дотор “Эрдэнэ зуугийн сутра” гэсэн тэмдэг нь ихээхэн үнэ цэнтэй юм. Энэ нь Эрдэнэ зуу хийд өөрийн гэсэн номын сантай байсны баталгаа болдог ажээ.

Энэхүү үнэ цэнтэй номын тэмдгийн зэрэгцээ Монголын их хаадын хөрөг, түрэг судлаач Радловын 1891 оны Хархорумын экспедицийн зураг материалууд, нанхиад хэлээр бичсэн Монголын түүхийн сурвалж бичгүүдийн факсимил хуулбарууд, Эрдэнэзуу хийдийн тухай сурвалж бичиг, номын дардас, ном судрууд, Түшээт хаан аймагтай холбогдол бүхий зарим эх сурвалжийг “Хаадын нийслэл-Хархорум” үзэсгэлэнд дэлгээд байна.

Их Монгол улсын нийслэл Хархорум хотын 800 жил, Халхын Автай сайн хааны хүрээ Бат Эрдэнэ зуу хийдийн 435 жилийн ойд зориулсан тус үзэсгэлэн Монгол Улсын Үндэсний номын санд гарч байгаа юм. Ирэх сарын 19-нийг хүртэл нээлттэй байх тус үзэсгэлэнгийн үзмэрүүдээс онцлон танилцуулъя.

 Эрдэнэ зуу хийдийн номын тэмдэг

    Хархорумын туурийг тэмдэглэсэн анхны план зураг

“Чингис хаан гин /төмөр/ луу жил Хорумаа сууж балгасан оршуулсан ажгуу” гэсэн бичээстэй хэлтэрхий нь 2003 онд малтлагаар гарч ирсэн “Зарлигаар байгуулсан Дай Үн хэмээх Их Монгол Улсыг мандуулах асрын бичээс” пайлуур чулууны хоёр том хугархайг анх Радлов илрүүлж нийтэд нийтэлсэн бөлгөө. Нэгдүгээр хагархай жижиг мөргөлийн сүмийн тахилын тавцан болгосон байсан бөгөөд, 2,3 дугаар хагархай нь цамын зам талбайн хэсгээс цухуйж байсан гэж зургийн гарчиг дээр тайлбарлажээ.

    Эрдэнэ зуу хийдийн хэрмээс холгүй байдаг Яст мэлхийн хөшөөний 1891 оны байдал

Энэхүү яст мэлхийн нуруун дээр том жижиг нийт зургаан хугархай нь олдсон “Зарлигаар байгуулсан Дай Үн хэмээх Их Монгол улсыг мандуулах асрын бичээс” бүхий пайлуур хөшөө байсан гэж эрдэмтэд үздэг. Их Монголын үед пайлуур гэрэлт хөшөөг Бэйташ гэж нэрлэдэг байсан. “Бэй” бол нанхиадаар хөшөө, “Таш” бол түрэгээр чулуу гэсэн үг.

    Халхын Очирай Бат Түшээт сайн хан Доржсүрэнхоролжавын хошууны нутгийн зураг

Цагаан даавуун дээр өнгө ялган зурсан. Олноо өргөгдсөний гуравдугаар буюу 1913 онд бүтээсэн. Дугуй тойрог дотор 4 зүг 8 зовхист хувааж, 12 жилээр зүгийг хуваахдаа өмнө зүгийг морь, баруун зүгийг тахиа, хойд зүгийг хулгана, зүүн зүгийг туулай зүг болгон хуваадаг заншилтай. Орхон голын хөвөөн дээр Эрдэнэ зуу хийд, түүний баруун хойно “Сайныг цугларуулагч сүм” зэргийг нарийн тодорхой зурсан байна.

    Түшээт хан аймгийн хорин хошууны нутаг газар орны зураг

Цагаан даавуун дээр өнгө ялган зурсан. Бүрэн засаг долоодугаар он буюу 1868 онд бүтээсэн. Уг нутгийн хорин хошууны газар нутгийг зурахаас гадна ханы харуулын нутаг, цэрэг, хошууд хоорондын өртөө, сүм хийд хошуу ноёны суух хүрээ, уул ус, нуур цөөрмийг тодорхой зуржээ. Нэг онцлог нь 1860-аад оноос эхлэн нэг ам дөрвөлжин дотор зурхайн аргаар хэдэн газар багтахыг тооцоолдог болжээ.

    Эрдэнэ зуугийн Их Цогчин дуганы байдал

1930-аад онд нурааж газарт оруулсан байна. Гэрэл зураг 1891 он.

Эрдэнэ зуугийн Дагдан чойнхорлин дуган. Гэрэл зураг 1891 он.

    Эрдэнэ зуугийн суваргын монгол, төвөд бичээс

Эрдэнэ зуу хийдийн цогчин дуганы туурийн зүүн хэсэгт байх суваргын баруун зүүн хэсэгт байрладаг монгол, төвөд бичээс нь нэлээн эртний бичээс байна.

2003 онд Эрдэнэзуугийн  цогчин дуганы бууриас олдсон пайлуур хөшөөний хэлтэрхий дээрх, “Чингис хаан гин /төмөр/ луу жил Хорумаа сууж балгасан оршуулсан ажгуу” гэсэн монгол бичээсийг үндэслэн Хархорум байгуулагдсан цагийг 1220 он гэж тогтоосон бөгөөд түүнээс хойш найман зуун өнгөрсөн байна. Хархорум болбоос 44 жилийн турш Их монгол улсын улс төр, цэрэг дайн, эдийн засаг, соёл урлагийн төв байсан бөгөөд Монголын дөрвөн их хаан нийслэллэн суусан аж.

1253 онд Хархорумд ирж Мөнх хаанд бараалхсан Францын Лүи вангийн элч Гильом дэ Рубрукийн аян замын тэмдэглэлээс үзвэл, нийслэл хот нь дөрвөн их хаалга бүхий шавар хэрмээр хүрээлэгдсэн мөн Монгол, Сартуул, Хятад, Эрхүүдийн хороотой, буддын 12 хийд, эрхүүд /загалмайтны/-ийн нэг сүм, дашмад /мусульман/-ын хоёр сүм байжээ. Мөн хотын хойд дүүрэгт их хааны харш дотор дөрвөн зүйлийн ундаа гоождог “Мөнгөн мод” байсан ажээ.

1264 онд Их хааны орд Онход Монголын нутаг одоогийн ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг дахь Хэйбүн /Кайпин/-д нүүснээр Хархорум их гүрний нийслэл байхаа больсон ч Их Монголын улс төрийн нэгэн чухал төв хэвээр үлдсэн бөгөөд их хаад “өвгөдийн мандсан нутаг” хэмээн санаж ямагт харж хандаж угсаа залгах хунтайж Хархорум хотод жонон сууж цэрэг иргэний явдлыг шийтгэдэг байжээ.

Түшээт хааны хүрээ-Бат Эрдэнэ зуу

“Өндөр гэгээний намтар оршвой” хэмээх сударт бичсэнчлэн, төмөр луу жил буюу 1585 онд Даян хааны жич халхын Автай сайн хаан Хархорумын үлдэгдэл тахай балгасан дахь нэгэн сүмийг сэргээн барьснаар Бат Эрдэнэ зуу хийдийн шав тавигдсан гэж тооцдог бөгөөд түүнээс хойш өдгөө 435 жил улирчээ.

Эрдэнэ зуу хийд нь жүд, цанид, дүйнхор, мамба дацантай, 1500 орчим лам хувраг шавилан суудаг, судар ном хэвлэдэг бархантай, жил болгон цам харайж майдар эргэдэг Монголын шашин соёлын томоохон төв байсан аж. Хэлмэгдлийн цөвүүн цаг Эрдэнэ зуу хийдийг хар шуурган мэт дайран өнгөрч хийдийн 62 сүм дуган үндсэндээ бүгд нурж сүйдсэн бөгөөд 1944 онд цөөн хэдэн уран дархан лам нарын цуглуулж гэмтэл харьцангуй бага 18 дуган хийгээд хэрмийн 102 суваргыг сэргээн засварлаж дуусгасан нь өдгөө бидний мэдэх Эрдэнэзуу хийд юм.

 Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ