Австралийн Ерөнхий сайд Японд айлчилж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-09-22 16:25:22

ТОКИО. /Kyodo/. Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон Японы шинээр сонгогдсон Ерөнхий сайд Сүга Ёшихидэтэй уулзахаар ирэх 11 дүгээр сард тус улсад айлчлахаар төлөвлөж байна гэж Австралийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.


“БНХАУ Энэтхэг-Номхон далайн бүсэд байр сууриа бэхжүүлж буй энэ үед хоёр орны стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд энэхүү айлчлалын зорилго оршино” гэж “The Australian” сонинд мэдээлжээ.


Шинэ коронавирусний цар тахлын нөхцөл байдал хүндрэх юм уу Сүга Ёшихидэ бүх нийтийн сонгууль явуулахын тулд Төлөөлөгчдийн танхимыг тараахаар шийдвэл уг уулзалтыг 2021 оны нэгдүгээр сар хүртэл хойшлуулж магадгүй ажээ.


С.Моррисоны хувьд цар тахал дэгдсэнээс хойш хилийн чанадад анх удаа айлчлах гэж буй нь энэ бөгөөд тэрбээр эх орондоо эргэн ирснийхээ дараа хоёр долоо хоног тусгаарлагдах төлөвтэй байна.


Талууд Японы Өөрийгөө хамгаалах хүчин болон Австралийн Зэвсэгт хүчний гишүүд тус тусын нутаг дэвсгэр дээр хамтарсан сургууль хийх үед эрх зүйн статус олгох хэлэлцээртэй холбоотой хэлэлцээгээ үргэлжлүүлж, бусад асуудлын талаар санал бодлоо солилцох ажээ.


С.Моррисон Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзотой өнгөрсөн долоодугаар сарын 9-нд цахимаар уулзах үеэрээ Токио хотод ойрын хугацаанд дээд хэмжээний уулзалт хийхээр тохиролцжээ.


Өнгөрсөн ням гарагт Сүга Ёшихидэ Австралийн Ерөнхий сайдтай утсаар ярьсан бөгөөд С.Моррисон нь энэ сарын 16-нд тангараг өргөсөн Японы шинэ Ерөнхий сайдтай утсаар ярьсан анхны гадаадын орны төрийн тэргүүн болжээ. 

Холбоотой мэдээ