Улирлын томуу дэгдэх үед ЭХЭМҮТ-д нөөц ор нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-09-22 16:16:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв /ЭХЭМҮТ/ улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн бэлтгэл хангасан байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний явцтай өнөөдөр танилцлаа.

 

Тэрбээр энэ үеэрээ, Энэ жил улирлын томуугийн үе цар тахалтай давхцаж байгаа тул эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг хангаж байна. Томуу, томуу төст өвчний идэвхжилийн үе нь 11 дүгээр сараас дараа оны хоёрдугаар сарыг дуустал үргэлжилдэг тул бид эмнэлгийн орны хүртээмж, амбулаторийн үзлэгийн зохион байгуулалт, гэрийн үзлэг, хяналтыг сайжруулахаар ажиллаж байгаа. Аравдугаар сараас томуугийн вакцин хийж эхлэхээр хүүхдүүд, ахмадуудаа эхний ээлжинд хамруулах төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн ЭХЭМҮТ болон дүүргийн эмнэлгүүдэд ор нэмж бэлтгэх, чадварлаг, туршлагатай эмч нарын баг дүүрэг, өрхийн 170 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг яаралтай түргэн тусламж, сэхээний чиглэлээр сургалтад хамруулан чадавхжуулж байна.  Тиймээс дүүргийн эмнэлгээс хүүхдийн тусламж, үйлчилгээ авах хүртээмж, чанар нэмэгдэх юм. ЭМЯ-наас ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлгийн агаар сэлгэлтийн асуудлыг анхаарч шийднэ” хэмээн онцоллоо.

ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр, “Энэ жил улирлын томуу, томуу төст өвчний бэлтгэл ажлыг эрүүл мэндийн байгууллагууд Эрүүл мэндийн сайдын тушаалаар эрт эхлүүлсэн. Энэ хүрээнд манай зөвлөх эмч нарын баг томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдлыг хангах зорилгоор дүүргийн эмнэлгүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн нарт  “Эрэмбэлэн ангилах, яаралтай тусламж” сэдвийн хүрээнд ажлын байран дээр нь очиж, чадавхжуулах сургалт хийж эхэлсэн. Сургалтаар 5 хүртэлх насны хүүхдэд амьсгалын зам, амьсгал, цусны эргэлт, шок, ком ба таталт, шингэн их алдалттай суулгалтыг богино хугацаанд үнэлж, эмчилж, хянах мэргэжлийн ур чадварыг бататгах, сайжруулахад чиглэж байна.  ЭХЭМҮТ-ийн амьсгалын эрхтний эмгэг судлалын тасаг 40 ортой. Улирлын томуугийн дэгдэлтийн үед  дотоод зохион байгуулалтад өөрчлөлт хийн, нэмэлтээр 65 дэлгэхээр болж байна” гэлээ.


Холбоотой мэдээ