Биеийн тамир спорт-олимпизмын 3 талт уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-22 11:40:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний олимпын хороо, “Улаанбаатар спорт менежмент” ХХК-ийн удирдлагуудын гурван талт уулзалт өчигдөр болов.


Уулзалтад БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, “Улаанбаатар спорт менежмент” ХХК-ийн захирал Б.Тамир тэргүүтэй 3 байгууллагын төлөөлөгчид оролцлоо.


Энэхүү уулзалтын зорилт нь Монгол Улсад биеийн тамир, спорт ба олимпизмын хөдөлгөөнийг харилцан уялдуулж, эрчимжүүлэн хөгжүүлэх болон өвөл, зуны олимпын наадамд тамирчдыг бэлтгэхэд чиглэгджээ.



Биеийн тамир спорт-олимпизмын гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг өргөн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талаар хамтран ажиллах, олимпын соёл, боловсрол болон олимпизмын хүмүүжил, үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд иргэдэд бие бялдрын боловсрол олгох юм байна.


Мөн олимп, олон улсын наадам, дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг хамтран бэлтгэх зэрэг олон ажлыг санамж бичигт тусгах аж. Уг санамж бичигт талууд ирэх долоо хоногт гарын үсэг зурах юм.

Холбоотой мэдээ