Г.Зундуй: Хүсэл мөрөөдлөө дотроо бүү хадгал

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sodonizm@gmail.com
2020-09-21 10:01:34


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим ертөнцөд авьяас чадвар, стиль имижээрээ олны анхаарлыг татаж байгаа бяцхан охидын “EGGA” хамтлагийн продюсер Г.Зундуйтай ярилцлаа. Тэрбээр тус хамтлагийн дууны шүлгийг зохиодог бөгөөд Кино урлагийн дээд сургуулийн төгсөх курсын оюутан юм. Ангийнхаа найзуудтай хамтран "Hur" продакшныг байгуулж, өдгөө хоёр дахь жилтэйгээ золгож байна. Г. Зундуй болон түүний хамт олон нэгдэж, "EGGA" хамтлагийг үүсгэн байгуулсан байна. 


-  Хэзээнээс дууны шүлэг бичих болсон бэ?

-  Би арван жилд байхаасаа шүлэг зохиож эхэлсэн. “Болор цом” яруу найргийн наадмыг үзэх дуртай. Санаанд орсон мөрөө өврийн дэвтэртээ бичиж тэмдэглэж авсаар одоо нэлээд хэдэн дэвтэр дуусгачихсан. Ер нь би үгийн дээд утгад дуртай. Юмыг олон талаас нь хэдэн янзаар дүрсэлж бичих нь хүний үгийн баялгийг нэмдэг ач тустай гэж боддог. 



-Эгга хамтлагийн ахны уран бүтээл "Туйлын туяа" дууг зохиож байх үеийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юу.

-Дууны Уянгаагийн дуулдаг хэсэгт “Мөнгө төгрөг чухал биш ээ. Эмэгтэй хүний гоо сайхан. Мөргөж, шүтээд хэрэггүй. Халамж гэдэг бол сайхан” гэж бичсэн. Үүгээрээ би эмэгтэй хүнд “Чи үзэсгэлэнтэй” гэж хэлэхээс илүү үйлдлээрээ халамжилж, хайрлах нь чухал гэдгийг илэрхийлэхийг хичээсэн. Мөн эмэгтэй хүнийг “Diаmond” буюу алмазтай зүйрлэж, нандин, энхрий гэж бодож, мэдэрч бичсэн дээ.


https://youtu.be/IVsBcemW7NQ  энд дарж "Туйлын туяа" дууг сонсоорой...



- Egga хамтлагийн охидын хэв маяг бусдаас онцгой, донжтой харагддаг. Үзэгч, сонсогчийн сэтгэгдэл ямар байна даа?

- Бид анх “Гацуурхан”, “Болжмор” хүүхдийн дууг өөрчилж, шинэлэг байдлаар хүүхдийн дуу хийе гэж ярилцаж байсан. Сүүлдээ үүнийгээ өөрчлөөд хүүхдийн дуу гэхээрээ л заавал чихэр, печень дуулах албагүй. Гэхдээ бүр хар бараан утгатай дуу дуулаад байж болохгүй гэж ярилцсан. Тиймээс яг тунг нь тааруулж, жаахан донжтой байдлаар дуугаа хийе гэж шийдсэн. Тэгээд нэг орой продакшныхаа Пүрэвбаатартай хамт суугаад би Уянгаагийн хэсгийг, Пүрвээ Эгшиглэнгийн дуулах үгийг бичсэн. Олон нийтэд дуугаа түгээхээсээ өмнө би охидын шинэ дүр төрхийг хүмүүс хүлээж авахдаа сөрөг талаас нь харах вий гэж эмээж байсан. Гэтэл бодит байдал эсрэгээрээ байсан. Олон нийтийн сүлжээн дэх хүмүүсийн хандалт их сайн байсан. Шүүмжлэл ч цөөнгүй ирсэн.  “Юун аймаар нүүрээ будчихсан юм”, “Ямар  өндөр өсгийтэй гутал өмсгөчихсөн юм” гээд сөрөг сэтгэгдэл их байсан.Үргэлж магтуулаад байна гэж байхгүй учраас засаж сайжруулаад үргэлжлүүлэн уран бүтээлээ хийх болно.


-Шүүмжлэгч нарт хандаж юу гэж хэлэх вэ?

-Энэ бүх зүйлийг урлаг талаас нь хараасай гэж хүсье. Битгий ийм хөөрхөн, авьяаслаг хүүхдүүдийн ур чадварыг тогоо шанагатайгаа хольж хутгаасай гэж хэлмээр байна. Миний хуучинд тийм байсан гэж ярьдаг хүмүүс байдаг. Миний бодлоор тэгж ярьдаг хүмүүс өнгөрсөнтэйгөө зууралдаад байгаа юм шиг санагддаг.


-Хамтлагийн түүхээс сонирхуулаач...

-Гала хамтлаг шиг эмэгтэй дуэль хамтлагийн шинэчилсэн хувилбарыг “Z үеэс гаргаж ирье гэж бодсон. Тэгээд манай продакшны залуу Жамьянсүрэнгийн дүү Эгшиглэн их авьяастай хүүхэд. Гишүүнээрээ эхлээд Эгшиглэнг сонгосон. Дараагийн гишүүнээрээ хэнийг сонгох вэ гэж их ярилцаж, удсаны эцэст “Hur production-ны хувцасны дизайнер Т.Хонгорзул Уянгааг хөгжмийн дугуйландаа дуулж байсныг хараад “Энэ охин болох юм байна” гэж бид ярилцаад дараагийн гишүүнээрээ элсүүлсэн.


-Эгшиглэн, Уянга нартай ажиллахад ямар байдаг вэ. Тэдний онцлог, давуу талаас ярьж болох уу?

-Бэлтгэлийн үеэр бид яг л бэлтгэлээ хийдэг. Харин чөлөөт цагаараа аль болох цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийг хичээдэг. Охид их эмх цэгцтэй, зөвлөгөөг хурдан хүлээж авдаг, их биеэ даасан хүүхдүүд. Тиймээс бэлтгэлийн үеэр хүндрэл бэрхшээл гарч байгаагүй


-Хамтлагийн дараагийн уран бүтээл болох “START” дуу саяхан цацагдсан. Энэ дуу ямар утга санааг илэрхийлж байгаа вэ?

-Нийгмийн тогтсон хэв маягт баригдахгүй амьдаръя, одоо дөнгөж эхэлж байна гэсэн утгатай. Мөн “Egga-гийн үеийнхэнд урам зориг өгөхийг хичээсэн. 

https://youtu.be/7C0F5INJK08  "START" дууг энд дарж сонсоорой... 


-Хамтлагийн ирээдүйг продюсерын хувьд хэрхэн төсөөлж байна вэ?

-Хэдийгээр бяцхан охид ч гэсэн авьяас чадвараа бусдаас шинэлэг байдлаар харуулж чадсан. Цаашид үеийн хүүхдүүдэд нь урам зориг өгөх уран бүтээл хийнэ. Мөн дэлхийн хэмжээний дуучид болгохыг зорьж ажиллана.


- Одоо Hur production”-ны болон өөрийн тань тухай ярилцья. Танай хамт олныг нэг үеийн авьяаслаг залуучууд бүрдүүлдэг юм билээ...

-Манайд Кино үйлдвэрийн дээд сургуулийн дөрөвдүгээр дамжааны 10 гаруй оюутан нэгдэж 2018 онд продкшнаа кино урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор байгуулсан. Бид богино хэмжээний кино хийдэг.  Саяхан бид "Бэлтгэгдсэн оюутан” онлайн хичээлд зориулсан бүтээл хийсэн. Яг мэргэжлийн ангийн, үе тэнгийн залуус учраас хамтарч ажиллахад урамтай. Бүгд өөрсдийн чиглэлийн тухай мэдлэгтэй, бүтээлч залуус байдаг. Цаашид уран сайхны кино, олон ангит кино хийхээр төлөвлөж байна. 


-Хамтлагийн охид асрамжийн газрын хүүхдүүдэд зориулан хандивын тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Энэ тухай мэдээлэл өгнө үү?

-“Бадамлянхуа” буюу  “Lotus” хүүхэд хамгааллын төвд манай хамт олон очиж, өөрсдийн үзүүлж чадах хэмжээнд тоглолт хийхээр болсон. Мөн өдрийг хүүхдүүдтэй хамт хөгжилтэй өнгөрүүлье гэсэн төлөвлөгөөтэй байгаа. 


-Өөрийгөө товч танилцуулах уу. Яагаад жүжигчин мэргэжлийг эзэмших болсон бэ?

-Би Кино урлагийн дээд сургуулийн жүжигчний 4 дүгээр курсын оюутан. Жүжигчний мэргэжлийг анх их амархан гэж боддог байсан. Яг мэргэжлийн сургуульд нь сураад, дунд нь ороод ирэхээр их хэцүү санагдаж байсан. Өөрөө л хөдөлмөрлөхгүй бол энэ салбарт ахиж дэвшихгүй юм байна гэдгийг ойлгосон. Шантрах үедээ би “Мундаг болж чадахгүй бол бусдад зайгаа тавьж өг, зай тавьж өгч чадахгүй бол гүрийгээд бүгдийг хийж дуусга” гэж өөртөө хэлээд л өөрийгөө зоригжуулдаг байсан. Энэ жил сургуулиа төгсөнө дөө.


-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ? 

- Би шүлэг бичиж, усан спортоор хичээллэж эсвэл торт хийдэг. Сонгодог болон “Techno” хөгжим сонсох дуртай.


-Таны бодлоор хүн хэрэгтэй зүйлээ хийсэн зөв үү. Дуртай зүйлээ хийсэн зөв үү?

-Дуртай зүйлээ хийсэн зөв. Хэрэгтэй зүйлээ хийвэл хэрэгцээ чинь нэг л өдөр дүүрнэ. Өөрөөр хэлбэл, сэтгэл ханамжийг хэрэгтэй зүйлээс тэр бүр олж авч чадахгүй. Харин дуртай зүйлээ хийхэд эхэндээ маш их сорилттой нүүр тулах боловч эцсийн мөчид хэзээ ч харамсахгүй байж ч болно. Гэхдээ хүн бүр адилгүй л дээ...


-Мэргэжлээ сонгохдоо өөрөө шийдвэр гаргасан уу?

-Тийм. Манай ээж, аав надтай их нээлттэй харилцдаг. Жүжигчний мэргэжлээр сурна гэдгээ хэлж байхад ээж “Миний хүү энэ сонголтдоо итгэлтэй байна уу” гэж асуусан. Би итгэлтэй байгаагаа хэлсэн. Тэр цагаас хойш надад итгэж, дэмжсээр ирсэн. Дараа нь бодоход ч би өөрөө шийдвэрээ гаргасан учраас харамсах зүйлгүй. Шантарсан ч өөрийнхөө дуртай зүйлийг хийж байгаа учраас үргэлж өөртөө итгэлтэй байдаг.


-Үеийн залуустаа хандаж юу гэж хэлмээр байна. Урам зориг өгөх үг хэлээч...

-Хүсэл мөрөөдлөө битгий дотроо хадгалаарай. Өөртөө зөв алдаа гаргах боломжийг олгож, зориглоод мөрөөдлөө биелүүлээрэй.

 

 


Холбоотой мэдээ